http://www.olc.pku.edu.cn/database/view.php/29994
0. Товч агуулга. Энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааг өгүүлэх болно. Монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судлах нь монгол – энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн утга, гарлыг судлахад ихээхэн ач холбогдолтой байгаа юм.1. Удиртгал. Монгол – энэтхэг нь эртний соёлын харилцаатай ард түмэн билээ. Үүнийг эртний энэтхэгт үүссэн бурхны шашин, гүн ухаан, анагаах ухаан, хэл, уран зохиол зэрэг их, бага таван ухааны монголд нөлөөлсөн нөлөө, түүгээр дамжин монгол бичгийн болон ардын ярианы хэлэнд орсон олон арван санскрит үг хэллэг гэрчилж байдаг. Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд энэ талаар гол судалгааг хийсэн байдаг байна.
Монголын эрдэмтэн Аюуш гүүш 1587 онд санскрит, төвд, хятад зэрэг дорно дахины хэлнээс монгол хэлэнд орж ирж байгаа үгийг янз бүрээр бичиж буй аргыг нэгтгэн боловсруулж галиг үсгийг зохиосон байна. Энэ галиг нь санскритын үндсэн тавин үсэг төдийгүй, 1212 нийлмэл үсгийг галиглан бичихэд зориулагдсан байдаг байна (26). Нэрт эрдэмтэн Зая бандида Намхайжамц 1648 онд монгол бичгийн хэл болон ардын ярианы хэлэнд гарсан хувьсал өөрчлөлийг анхаарч бичиг үсгийн шинэчлэл хийж тод монгол үсгийг (Clear script) зохиохдоо санскрит, төвд зэрэг хэлний үгийг монгол хэлээр хэрхэн бичих галиг үсгийг бас боловсруулжээ (6, 14). Галиг үсэг боловсруулсан ийм баримт нь монгол хэлэнд санскрит үг, хэллэг ихээр орж ирж байсныг харуулах жишээ юм. Энд бидний жишээ татан дурдаж буй “галиг” (transliteration) – мөн энэ үгээс “галиглах” (to transcribe phonetically) гэсэн үйл үг бас үүсчээ – хэмээх үг санкрит хэлнээс монгол хэлэнд орсон үг гэдэг. Өөрөөр хэлбэл санскрит цагаан толгойн эгшиг ба гийгүүлэгчийн аймгийн “али, гали” хэмээх эхний хоёр үсгийн нэр гэж эрдэмтэд үздэг байна (26). Ийнхүү харь хэлнээс монгол хэлэнд орж ирж буй үгийг бичиж тэмдэглэх үсгийн нэр “галиг” хэмээх үг санскрит хэлтэй холбоотой монгол хэлэнд бий болсон байна.
Бид энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааны талаар өгүүлэх болно. Учир нь эхний хоёр үеийн эрдэмтэд монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийн шалтгаан, соёлын холбогдол, үгсийн бүрэлдэхүүн, утгын талаар тодорхой өгүүлсэн байна.
2. Түрүү үеийн эрдэмтдийн судалгаа. Энэ үеийн эрдэмтдийн судалгаанд 20-р зууны 30-аад оноос 1980-аад он хүртэл бүтээлээ туурвиж байсан Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв зэрэг эрдэмтдийн судалгааг хамруулж болно. Тухайн эрдэмтэд монголын соёл, шинжлэх ухааны талаар гайхамшигтай олон бүтээл туурвисан бөгөөд судалгааны ажлын онцлог нь монголын уламжлалт соёлыг орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйтэй холбон судалснаараа өвөрмөц байдаг. Энэтхэгийн соёл, олон зүйл ухаан монголчуудад нөлөөлсөн байдал, энэ соёл, ухааныг монголчууд өөрсдөө хэрхэн ухаарч хүлээж авсан, мөн монгол нутагт хэрхэн идээшүүлж зохицуулсан зэргийг анхааран судалсан байна.
Эдгээр эрдэмтэд монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг тусгайлан судалж өгүүлснээс гадна судалгааны бүтээлүүд дотроо санскрит үг, хэллэгийн учир зүй, утгын талаар олонтоо өгүүлжээ. Түүнчлэн тухайн эрдэмтэд санскрит судлалаар судлаачид, орчуулагчид бэлтгэхэд анхаарч байсан байна. Санскритын уран зохиолыг орчуулагч Ж.Бадраа (20), Ж. Гэндэндарам (10,29), хамба лам Х.Гаадан (2) нарыг Б.Ринчений шавь, санкрит, төвд, монголын уран зохиолын харилцаа холбоог судлагч эрдэмтэн Д.Ёндон (5,41), Л.Хүрэлбаатар (23,24,25,36) нарыг Ц.Дамдинсүрэнгийн шавь, хэл шинжлэлч эрдэмтэн Д.Төмөртогоог (22,40) Ш.Лувсанвандангийн шавь, монгол хэлэнд орсон санскрит үгийн утгыг судлагч, орчуулагч О.Сүхбаатарыг (16,17,18,19) А.Лувсандэндэв, Ш.Бира (1,30) нарын шавь гэдэг байна.
2.1. Эрдэмтэн Б.Ринчен (1905-1977). Академич Б.Ринчений санскрит судлалаар тусгайлан бичсэн бүтээлүүд гэвэл “Sanskrit in Mongolia” (37), “Unknown Indian Translator of Vikramaditya Tales into Mongolian in the 17th Century” (38) зэрэг өгүүлэл, энэтхэгт аялсан тухайгаа бичсэн“Өмнө этгээд зорчсон тэмдэглэл” (11), түүнчлэн Калидасагийн “Үүлэн зардас” (9) хэмээх эртний энэтхэгийн яруу найргийг англи хэлнээс монгол хэлэнд орчуулсан зэрэг юм.
Их эрдэмтэн Б.Ринчен эртний энэтхэгийн алдартай яруу найраг “Үүлэн зардас”-ыг монгол хэлээр орчуулж хэвлэхдээ түүний оршилд Энэтхэг – монголын соёлын харилцаатай холбоотой олон зүйлийг өгүүлсэн байна. Монголчууд энэхүү алдартай зохиолтой лавтайяа 14-р зуунаас танилцаж ирсэн, тэгээд Данжуурын монгол ботид байдаг “Үүлэн зардас”-ын орчуулгыг дахиж хэвээр нь, бас өөрөө англи хэлнээс орчуулан хэвлэж байна. Мөн энэхүү зохиолыг одоо Эрдэнипил хамба төвд хэлнээс, Сагаржав гуай хятад хэлнээс орчуулаад байна гэсэн байна.
Түүнчлэн энэ оршилд “Энэтхэгийн эртний бичгийн хэлийг монголчууд өрнө дахинд санскритын судлал бий болохоос хол өмнө судласаар ирсэн баримт олон гарна” (9) гэжээ. Мөн орчин цагийн монгол хэлний зарим зүйр цэцэн үгийг энэтхэгийн соёлтой холбоотой болохыг өгүүлсэн байна. “Найман Намсрай шиг баян” (He is a reach as eight Namsarai) гэдэг зүйр цэцэн үгийн утга гарлыг “Монгол бичигт Намсрайг (Хилэнт эзэн), бас Энэтхэгээр нь Гүвираа гэдэг бөгөөд ардын аман зохиолд Найман Намсрай шиг баян гэж хэлэлцдэг зүйр үг бол Энэтхэгийн домог судлалд (оросоор мифология) Гүвирааг умар зүгийг эзлэгч баялгийн эзэн гэдгээс үндэслэжээ” (9) гэж уг зүйр үгийн үүслийг тайлбарласан байна.
Мөн олон бүтээлдээ монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн талаар өгүүлсэн байна. “Монгол бичгийн хэлний хэлзүй (Дэд дэвтэр)” гэдэг бүтээлдээ санскрит хэлний “раажа” гэдэг үгийг монголчууд “ранза” гэж дуудах болсон нь монгол бичгийн бичлэгээс болсон үзэгдэл. Учир нь монгол бичигт “а” эгшгийн дараа дахин “a” бичвэл түүнийг санскрит хэл мэдэхгүй энгийн хүмүүс “n” үсгээр унших нь бий. Тэгээд “махараджа” гэж орос ном зохиолд гардаг “их хаан” хэмээсэн үгийг монголчууд “махаранза” гэж дуудах заншил бий болсон гэжээ (13). Түүнчлэн монгол хэлний “мэд-“ (to know) гэдэг үгийг санскрит хэлний “véda” гэдэг үгтэй гарал нэг гэж бичсэн нь сонирхолтой санал юм (13).
Мөн “Монгол бичгийн хэлний зүй (Тэргүүн дэвтэр)” номынхоо 99-104-р талд “Энэтхэгийн арван зургаан эгшиг хийгээд гучин дөрвөн гийгүүлэгч үсүгүүд гишүүнлүгээ сэлт оршива” гэдэг монгол цагаан толгойн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүнд, “Энэтхэг, төвд үсгээр бичсэн зүйлийг Аюуш гүүшийн галигаар тэмдэглэх нь европын латин галигаар тэмдэглэхлүгээ ширхэгийн ч зөрөөгүйг үзэхэд сонин бөгөөд монголчуудын энэтхэгийн судлал, төвдийн судлал тухайн үед өндөр байсныг гэрчлэн үзүүлж, арван зургадугаар зууны үеийн хэлний шинжлэлтэн Аюуш гүүш европ нөхдөөсөө бараг хоёр зуугаад жилийн өмнө тэдний галиглах зарчмыг монгол үсэгтээ хэрэглэсэн байнам” (12) гэсэн байна.
2.2. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн (1908-1986). Академич Ц.Дамдинсүрэн энэтхэг, монголын соёлын харилцаатай холбоотой олон бүтээл туурвисан байна. Түүний заримаас өгүүлбэл “Рамяана монголд дэлгэрсэн нь (Ramayan in Mongolia)” (4,35), Дандины “Зохист аялгууны толь” (32) “Shambala, a happy land of legends” (33), “Several words of Tantrism” (34) зэрэг бүтээлүүд болно. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн соёлын үүрэг, ач холбогдлын талаар ийн өгүүлжээ.
“Монгол хэлэнд орсон төвд үгс” гэдэг бүтээлдээ монгол хэлэнд орсон санскрит үгсийн соёлын учир холбогдлыг өгүүлээд санскрит үгсийг төвд хэлний болон сонгодог монгол, кирилл монгол бичгийн хэлтэй харьцуулж утгыг нь орос хэлээр орчуулан бичжээ. Монголчууд бурхны шашны номыг төвд хэлнээс орчуулахдаа төвд нэрийн оронд санскрит үгийг авч байсан гэсэн байна. Тухайлбал, “Монголын хаад нь орчуулагч нарт туслахын тулд Энэтхэг орноос самгарди хэлний мэргэжилтэн багш нарыг урин ирүүлж монгол сэхээтэн, орчуулагчид самгарди хэлийг чармайн суралцаж, зарим нь монголчуудыг сургахад зориулан самгарди хэлний зүй, сурах бичиг зэргийг зохиож байсан байна. Ингээд XIV зууны орчмоос монгол хэлэнд самгарди нэр томьёо маш олноор нэвтэрч орсон байна. Үүний зарим жишээг үзүүлье:
Санскрид хэл. ḳsaṇa Санскрид хэл. sūtra
Төвд хэл. skadcig Төвд хэл. mdo
Монгол бичиг. gšan Монгол бичиг. sudur
Халх монгол. агшин (мгновение) Халх монгол. судар (книга) (3) гэж харьцуулан бичсэн байна.
Одоо мартагдаж буй санскрит үгийн тухай “Долоон гаригийн нэрийг урьд самгарди хэлээр авч хэрэглэсэн боловч мөн гаригуудын төвд нэр нь ярианы хэлээр дамжиж бичгийн хэлэнд ороод уг самгарди нэрийг бичгийн хэлнээс шахан гаргаж байна” (3) гэж дүгнэсэн байна. Мартагдсан болон монгол хэлэнд хэвшээгүй зарим нэр томьёоны тухай өгүүлэхдээ “Самгарди хэлний наёд, колти зэрэг тооны үгийг урьд XIV зууны үед монгол хэлэнд зээлдэн авсан боловч тэр нь олонд дэлгэрэн хэрэглэгдэж чадаагүй” (3) гэжээ.
Тэрбээр энэ өгүүлэлдээ уйгар, төвд, санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгсийг толь болгон жагсаан бичихдээ 60 гаруй санскрит үгийг хамруулсан байна. Монгол хэлэнд орсон санскрит үгийг санскрит үг, түүнтэй утга тохирох төвд үг, монгол бичгийн болон кирилл бичгийн хэлээр бичээд хаалт дотор утгыг нь орос хэлээр орчуулсан байна. Жишээ нь:
“Санскрит. abhiṣeka Санскрит. abhayāsa
Төвд. dbang Төвд. vāsanā
Уйгар-Монгол. abisiɣ Монгол. abiyas
Халх. авшиг (посвящение) Халх. авьяас (способность)…” (3) гэх мэт.
Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн багш шинжлэх ухааны нээлтийн чанартай бүтээл болох “Рамаяна монголд дэлгэрсэн нь” бүтээлээ монгол, энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн учир зүйд бүхэлдээ зориулсан гэж болно. Энэ бүтээл энэтэхэгийн алдарт тууль Рамаяна монгол оронд тархсаныг шинжлэх ухааны талаас нээн илрүүлсэн бүтээл бөгөөд монгол, энэтхэг туульсын харилцан нөлөөлөл, монгол ардын үлгэрийн өгүүлэмжийг судлахад онолын судалгааны хэрэглэгдэхүүн болж байгаа юм. Мангасын дүрийг монгол, энэтхэг туульсын нийтлэг дүр гэж болно. Рамаянын туульсын тухай Ц.Дамдинсүрэн багш бичихдээ “Рамаянын хуучирдаггүйн шалтгаан нь түүний яруу сайхан хэлээр баатар зориг, бат найрамдал, үнэн янаг сэтгэлийг магтан дуулсан явдалд л байх шиг байна. Энэ найраглал одоогийн уншигч, сонсогч, үзэгч нарын сэтгэлийг урьд мянга мянган жил долгилуулсаар ирсний адил долгилуулан хөдөлгөсөөр байна” (4:6) гэж магтан өгүүлсэн байна.
Энэ бүтээл нь монгол хэлэнд орсон санскрит үгсийн оноосон нэрийг судлахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Зохиогч өөрөө ч “Оноосон нэрийн орчуулга” гэсэн тусгай хэсгийг бичжээ. Тэрээр “Санскрит хэлний оноосон нэрийг төвд хэлэнд утгачилан орчуулах явдал төвд ном сударт эрт цагаас журам болж тогтсон байна. Төвд хэлнээс номыг монгол хэлэнд орчуулахдаа мөн оноосон нэрийг хааяа утгачилан орчуулах ба ихэнхдээ уг санскрит нэрийг сэргээн бичих заншил тогтсон байна” (4:65) гэжээ. Жишээ нь:
“са. ашока,
тө. bza’ shing,
мо. ашока.
са. сиддха,
тө. dngos grub,
мо. шиди…” (4:67) гэх мэт.
2.3. Эрдэмтэн Ш.Лувсанвандан (1910-1983). Академич Ш.Лувсанвандан эртний энэтхэгийн гүн ухаан, Панины хэлзүйн талаар өөрийн бүтээлдээ олонтоо өгүүлсэн билээ. Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунын “дундад үзэл” (Madhyamika) -ийг тайлбарлах явцдаа санскрит хэлний олон үг хэллэгийн учрын талаар өгүүлсэн байна. Жишээ нь, “Энэтхэгийн хэлээр “праджна парамита” гэсэн үгийг монгол бичгийн хэлээр “билиг-үн чинаду хязгаараа хүрэгсэн”, “билиг барамида” гэж орчуулсаар иржээ. Энэтхэгээр праджна гэсэн нь “пра” гэж энэтхэг-европын хэлний “анхны, эхний, дээд” гэсэн утгатай угтвар, “джна” гэж орос хэлний “знать, знание” гэсэн үгстэй язгуур нэгтэй үг хоёроос бүрэлдсэн үүсмэл үг. Парамита гэсэн нь “парам” гэж мөн энэтхэг-европын хэлний “нөгөө этгээд, нөгөө эрэг” гэсэн утгатай, “ита” гэж “хүрсэн” утгатай хоёр үгээс бүрэлдсэн мөн үүсмэл үг болно. …Гэвч монгол энэтхэг хоёр үгийг хольж товчхоноор “билиг барамид” гэж хэлж заншсан байна” (7) гэж тухайн үгсийн утгыг нарийн тайлбарласан байна.
Мөн энэ бүтээлд “…Дундад үзлийн ёсонд аливаа юм үзэгдлийн эсрэг тэсрэг хоёр талыг илбийн бие (мая) буюу өнгө бие (рунам), хувилгаан бие (нирмана-кая), сансар, инагуухь бие (самврти-сатья) гэх мэтээр нэрлэж, уул эсрэг хоёр талын нэгдлийг хоосон чанар (шуньтя), номын бие (дарма-кая), нирван (нирвана), үнэмлэхүй үнэн (парамарта-сатья) гэж янз бүрээр нэрлэдэг байна” (7) гэж энэтхэгийн гүн ухааны ойлголтыг тэмдэглэсэн олон үг хэллэгийн учир үалтгааныг тайлбарлан өгүүлсэн байна.
Их эрдэмтэн Ш.Лувсандандан Панины хэлзүйг судалгаандаа ашиглаж байв. Ш.Лувсанвандан багшийн Нагаржунагийн онолд дулдуйдан бичсэн “Фонемийн онолын тухай асуудалд” зэрэг олон өгүүллийг эрдэмтэд хэл шинжлэлд нээлт болсон бүтээл гэж дүгнэсэн билээ (15).
2.4. Эрдэмтэн А.Лувсандэндэв (1927-997). Нэрт эрдэмтэн А.Лувсандэндэвийн санскрит судлалаар туурвисан бүтээлүүдээс хамгийн алдартай нь түүний орос хэлээр бичсэн “Санскритизмы в диалектах монгольского языка (Монгол ярианы хэл, нутгийн аялгуунд орсон санскрит үгс)” өгүүлэл юм.
Энэ өгүүлэлдээ санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгсийг утгаар нь “гаригийн нэрс, ургамлын нэрс, эрдэс баялгийн нэр томьёо, газар усны нэр, өргөн хэрэглээний үгс, домгийн ойлголтын нэрс, шашин-тахилын нэр томьёо, хүний нэрс” гэж 8 ангид хувааж, анги бүхэнд санскрит үгсийг монголчуудын ярианы хэлэнд хэрхэн дууддаг, монгол бичгийн хэлэнд яаж бичдэг, мөн санскрит бичлэг болон санскрит үгийн утгыг орос хэлээр орчуулсан байна.
Тухайлбал, “Өргөн хэрэглээний үгс: на. (Нутгийн аялгуу). агшин, мо. (Монгол бичиг). ɣšen, санс. (Санскрит). ksana “түр зуур, хоромхон зуур”., на. эрдэнэ, мо. erdeni, санс. ratna “үнэт зүйл”., на. дагшин, мо. daɣšin, санс. daksinā “ариун, зөв тал”., на. зандалчин, мо. jandalčin, санс. candāla “дээрмчин, алуурчин”, на. шарил, мо. šaril, санс. śarira “шарил, чандар”., на. лав, мо. lab, санс. labhā “үнэн, яг”., на. хумх, мо. qumqa, санс. kubhaka “жижигхэн домбо” (8) гэх мэтээр жагсаан бичсэн байна.
Тэр бээр монгол хэлэнд орсон санскрит үгсийн хэлбэрийг ажиглаж зарим үгсийг согд, уйгараар дамжин орж ирсэн гэж үзжээ. Түүнчлэн 1305 онд Чойжи-Одсэрийн орчуулсан Bodhicaryāvatāra -гийн орчуулгыг ажиглаад түүний төгсгөлийн үгэнд дурдсанаар “Түүгээр ч үл барам Чойжи-Одсэр бүхэл бүтэн тогтолцоотой санскрит ба санскритаас хуулбарласан нэр томьёог хэрэглэжээ” (8) гэж дүгнэсэн байна.
Монголын феодалын нийгмийн шашин, төрийг хослон барих ёс бүрэлдэн тогтоход энэтхэгийн соёлын нөлөө, монголд байсан энэтхэг лам нар их үүрэг гүйцэтгэсэн гэжээ (8).
3. Дараа үеийн эрдэмтдийн судалгаа. Энэ үеийн эрдэмтдийн судалгааг ихэнхдээ өмнөх үеийн эрдэмтдийн шавь нарын судалгаа гэж болно. Цаг хугацааны хувьд 1970-аад оноос хойш судалгааны бүтээл туурвисан судлаачдыг хамруулж болно. Энэ үеийн эрдэмтдийн судалгааны онцлог бол өмнөх үеийн эрдэмтдийн судалгааг үргэлжлүүлснээс гадна монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийн утгаас гадна дуудлага, бичлэгийг анхааран судлах болсон байна.
3.1. Эрдэмтэн Д.Төмөртогоо (1938-). Академич Д.Төмөртогоо олон бүтээлдээ санскрит үг хэллэгийг жишээ татан дурдсан байна. “XIII-XIV зууны монгол бичгийн дурсгал дахь самгард үгсийн бичлэгийн онцлог” гэсэн судалгааны өгүүллийг бичжээ. Тэрбээр “XIII-XIV зууны монгол бичгийн дурсгалд тохиолдож буй самгард гаралтай үгсийн бичлэгийн байдлыг ажиглан үзвэл:
1. Эх хэлнийхээ онцлогийг хадгалсан үгс
2. Монгол хэлний хэвшлийг олсон үгс гэж хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болмоор байна.” (22) гэжээ. Тэгээд эх хэлнийхээ онцлогийг хадгалсан үгсийн талаар “Бидний бодоход XIII-XIV зууны монгол бичгийн хэлэнд дөнгөж шинэ тутам орж ирээд байсан аман ярианы хэлэнд хэвшиж амжаагүй байсан үгсийг тийнхүү эх хэлнийх нь онцлогийг аль болохоор харгалзан бичиж байсан бололтой” (22) гэж байна. Ийм үгэнд авианы талаар онцын өөрчлөлт байдаггүйг дурдаад “Харин самгард хэлний үгийн эцсийн –a -г их төлөв –i -гээр буулган бичжээ.
Мо. anandati (12jok.) <Са. ānandita
Мо. badmi (12jok. 31a) <Са. padmā …” (22) гэсэн жишээг өгүүлж байна.
Түүнчлэн монгол хэлний хэвшлийг олсон үгс нь “…зөвхөн бичгийн хэлээр барахгүй, бас аман ярианы хэлэнд нэвтрэн орсон үгс юм.” (22) гэж тодорхойлж байна. Монгол хэлэнд орсон санскрит үгсийн авианы хувиллыг “-a-гаас –i болж хувирсан нь, -e-гээс –i болж хувирсан нь, u-гаас a болж хувирсан нь…” гэх мэтээр өгүүлээд зохих жишээг хавсаргажээ. Жишээ нь: “-dh-ээс –d болсон нь:
Мо. boddi (12 jok. 3a.2) <Са. boddhi
Мо. diyan (12 jok. 4a.16) <Са. dhyana
Мо. maɣada (12 jok. 32a) <Са. magadha
Мо. ɣandarvis (BA. 161b.10) <Са. gandharva” (21) гэх мэт.
3.2. Эрдэмтэн Л.Хүрэлбаатар (1945-2010). Эрдэмтэн Л.Хүрэлбаатар энэтхэг, төвд, монголын уран зохиолын харилцаа холбооны талаар олон бүтээл туурвижээ. “Монгол хэлэнд орсон санскрит үг” гэсэн өгүүллийг бичсэн байна. Монгол хэлэнд орсон санскрит үгсийн тухай өгүүлэхдээ 1. Санскритээс зээлдсэн үгийн он цагийн асуудалд 2. Санскритээс зээлдсэн үгийн бүрэлдэхүүн 3. Санскрит үгийг зээлэх болсон шалтгаан 4. Санскрит үгийн хэрэглэгдэх байдал 5. Санскритээс монгол хэлэнд шингэсэн үгсийн авианзүйн тогтолцоо гэсэн хэсэгт хуваан бичсэн байна.
Эхний хэсэгт “Монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн санскрит үгсийн он цагийг бүрэлдэхүүний байдал, бичлэгийн онцлогоор нь XIV зуун ба түүнээс өмнөх нэн эртний үе, Аюуш гүүшийн галиг гарснаас хойшхи сонгодог монгол бичгийн үе гэж ялган үзэж болно” (23) гэж үзээд түүний шалтгааныг тайлбарласан байна.
Санскритээс зээлдсэн үгийн бүрэлдэхүүнийг “Ном соёлын зүйлийн нэр, одон гариг галав ертөнцийн нэрс, эрдэнийн чулуулгийн нэрс, амьтан ургамлын нэрс, буддын гүн ухааны зарим хийсвэр нэр томьёо, бурханы шашин түүний ахуй амьдралтай холбоотой нэвтэрсэн үгс, домгийн тэнгэр бурхан, ад тамын нэрс” (23) гэсэн утгын ангид хуваагаад санскрит үгсийн жишээг жагсаажээ.
Энэ судалгаагаа “Нэгд, монголд бурхны шашин түрүү үед дэлгэрч байсан цагаас нэвтэрч эхэлсэн санскрит үгс нь дундад эртний монгол бичгийн хэлний (XIII-XIV зууны) дурсгалд бат тогтвортой хэвшин хэрэглэгдэж байжээ. Хоёрт, нэгэнт монгол хэлэнд нэвтэрсэн санскрит үг нь тухайн хэлний авианзүйн тогтолцоонд бүрэн орж улмаар монгол хэлний үгсийн санг баяжуулан чадваржуулж байна” (23) гэж дүгнэжээ.
Түүнчлэн “Зарим эмийн ургамлын нэр томьёо” гэдэг өгүүлэлдээ монголчуудын 1742 онд зохиосон “Мэргэд гарахын орон” (mKhas pa’i ‘byung dnas) гэдэг журамлах тольд орсон санскрит, төвд, монгол эмийн ургамлын нэрсийн учир шалтгааныг өгүүлсэн байна. Тухайлбал, санскрит хэлний tikta хэмээх үгийг монгол хэлээр “гашуун” гэж орчуулалгүй санскрит хэлээр нь “дэгд” гэж авсан нь монголын олон гашуун ургамалтай андуурахтай холбоотой байсан учир орчуулаагүй авсан нь оновчтой болсон байна (24) гэж үзсэн байна.
3.3. Эрдэмтэн О.Сүхбаатар (1945-2005). Утга судлаач, толь зүйч эрдэмтэн О.Сүхбаатар монгол хэлэнд орсон санскрит үгийн талаар хэд хэдэн өгүүлэл, ганц сэдэвт зохиолыг бичиж, санскрит зэрэг дорно дахины хэлнээс монгол хэлэнд орсон үгсийн “Харь хэлний үгийн толь”-ийг зохиосон байна. Эрдэмтэн О.Сүхбаатар “Монголжсон санскрит үгс” гэдэг өгүүллээ монгол хэлэнд орсон санскрит үгсийг утгаар нь зүйл хуваан өгүүлснээс гадна, санскрит хэлнээс орчуулан монгол хэлээр нэр томьёо тогтоож байсныг өгүүлжээ. Тухайлбал, монгол хэлний сансрын орон зайг нэрлэх “огторгуй” буюу < “огт, оргүй” гэсэн бүтэцтэй гэдэг үгийг санскрит хэлний “antariksha < antar, -iksha” гэсэн хоёр үгийн орчуулга гэж үзсэн байна. Түүнчлэн “Түүнээс гадна монгол, санскрит хоёр хэлнээ утга, дуудлагаараа ойролцоо үгс мэр сэр байх боловч чухам аль хэлнийх нь болохыг оноон тогтоох аргагүй байна. Үүнд:
Монгол хэл Санскрит хэл
гар kara
гэр grha
муурч (унах) muccha
сүндэр sundar (сүрлэг жавхлант)” (16) гэж өгүүлж байна.
Тэрээр “Монгол бичгийн хэлэнд орсон санскрит үгсийн уйгар уламжлал” гэдэг өгүүлэлдээ “Бидний бүртгэснээр “Монгол хэлний товч тайлбар толь” (27) -д зөвхөн санскрит үг, нэр томьёоны зүйл 180 орчим байгаагийн 60 орчим нь орчин цагийн монгол утга зохиолын болон ярианы хэлэнд идэвхтэй хэрэглэгдэж байна” (18) гэжээ. Монгол хэлэнд санскрит хэлний нэг үгийг янз бүрээр бичиж байгааг уйгар хэлний уламжлал болохыг өгүүлжээ. Жишээ нь:
Уйгар бичгийн хэл Монгол бичгийн хэл
čitik-čatik-čatak-čatïk čadik-čadiɣ-cedik
šastr-šastir-šastir-šastïr sastir-šasdir-šastir
batir-badir badir-badar… гэх мэт. (16)
“Монгол хэлнээ орсон зарим санскрит үгийн утга зүйн хувьсал” өгүүлэлдээ санскрит үгсийн утга монгол хэлэнд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн, өргөжсөн, явцуурсан зэргийг нарийвчлан өгүүлсэн байна. Санскрит хэлний mudra гэдэг үг нь монгол хэлэнд “гар”-ын хүндэтгэл үг болсон бөгөөд мутарлах “гарын үсэг зурах”, мутрын тэмдэг ”гарын үсэг” гэдэгт санскрит хэлний утга нь үлджээ гэж үзэж байна (17).
Тэрээр санскрит хэлнээс (A) монгол хэлэнд (B) орсон үгийн утгыг AB-гийн огтлолын харьцаагаар тодорхойлж болох ба огтлолын харьцаа нь их байвал хоёр хэлний үгийн утга нь ойр, огтлолын харьцаа бага байвал хоёр хэлний үгийн утга хэр холдож буйг харуулах жишээ гэжээ.
Эрдэмтэн О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” бүтээлдээ санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгийн утгыг дараах байдлаар тайлбарлан бичсэн байна. Тухайлбал,
“Гараг I сам. graha; 1. Долоо хоногийн өдрийг ээлжлэн эзлэх нэр; 2. Нарны аймгийн ертөнцийн нэр.” (19) гэх мэтээр тайлбарласан байна.
Жич, энд үл өгүүлсэн одоо үеийн эрдэмтдийн судалгаанд Ж.Сэржээ “Монгол хүний санскрит нэр” гэсэн өгүүллийг бичжээ (20). Мөн эрдэмтэн P.Stobdan “Sanskrit Names in Mongolia” гэсэн сонирхолтой өгүүллийг бичиж монголд хэвлүүлжээ (39). Багш Д.Бүрнээ “Монгол хэлэнд орсон хоёр төвд үгс” (31) гэсэн өгүүллийг бас бичсэн байна.
4. Дүгнэлт. Дээрх судалгаанаас үзэхэд монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйтэй холбон судалсан байна. Иймд тус хүрээлэнгийн эрдэмтэд монголын санскрит судлалд онцгой байрыг эзэлж байна. Тухайн эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе (20-р зууны 30-аад оноос 1980-аад он хүртэл), дараа үе (Түрүү үеийн эрдэмтдийн шавь нар буюу 1970-аад оноос хойших судалгаа), одоо үе (Дараа үеийн эрдэмтдийн шавь нар) гэж гурван үед хувааж болно. Монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг судлах нь монгол – энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн гарал, утга, хувьсал, соёл судлалд ач холбогдолтой болох нь бидний дурдсан жишээ баримтаас тодорхой мэдэгдэж байна. Монгол хэл олон хэлтэй холбоо харилцаатай байсны нэг хэл нь санскрит хэл болж байна. Энэ нь монгол – энэтхэгийн соёлын харилцааны түүхийг харуулах жишээ юм.
Монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн түүхийг нэгдүгээр үе (эрт үеэс 13-р зуун), хоёрдугаар үе (13,14-р зуунаас 17, 18-р зуун), гуравдугаар үе (17, 18-р зуунаас хойш) гэж гурван үед хувааж болно. Энэ нь тухайн үгсийн дуудлага, бичлэг, утга, соёлын харилцаагаар нотлогдож байна. Монголын феодалын нийгмийн шашин төрийг хослон барих ёс бүрэлдэн тогтоход энэтхэгийн соёл ихээхэн нөлөөлсөн байна. Монгол улст санскрит судлалаар шинэ үеийг бэлтгэх нь монголын түүх, соёл, гүн ухаан, хэл судлалд ач холбогдолтой болох нь өмнө өгүүлсэн эрдэмтдийн судалгаа харуулж байна.
НОМ ЗҮЙ
- Бира Ш. Образ индии у монголов. –“India and Mongolia”, Red. Sh.Bira. Уб., 1989. 49-68
- Гаадан Х. Зохист аялгууны толин дахь адилтгал, зүйрлэл. Уб., 1986
- Дамдинсүрэн Ц. Монгол хэлэнд орсон төвд үгс. –“Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаах Их хурал. 1-р дэвтэр. –“Studia Mongolica”. Tomus. II, Уб., 1961. 57-85
- Дамдинсүрэн, Рамаяана монголд дэлгэрсэн нь. Уб., 1976
- Ёндон Д. Төвд-монголын уран зохиолын харилцааны асуудалд. Уб., 1980. 221 тал.
- Лувсанбалдан Х. Тод үсэг, түүний дурсгалууд. Уб., 1975. 356 тал
- Лувсанвандан Ш. Мадхьямика хэмээх дундад үзэл. –“Философи эрхийн асуудал”. Уб., 1977. 83-92
- Лувсандэндэв А. Санкритизмы в диалектах монгольского языка. –“Хэл бичгийн ухааны зарим асуудлууд II”. Уб., 1980 (1983). 118-124, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 28-35
- Калидас. Үүлэн зардас. Орчуулсан Б.Ринчен. Улаанбаатар, 1962. 207 тал
- Калидас. Шакундала. Орчуулсан Ж.Гэндэндарма. Улаанбаатар. 1995. 159 тал
- Ринчен Б. Монгол бичгийн хэлний зүй. Тэргүүн дэвтэр. Уб. 1964. 246 тал
- Ринчен. Б. Монгол бичгийн хэлний зүй. Дэд дэвтэр. Авианзүй. Уб. 1966. 404 тал.
- Ринчен. Б. Өмнө этгээд зорчсон тэмдэглэл. Уб., 1958. 88 тал
- Самбуудорж О, Хашимото М. Тод үсгийн бичгийн хэл. Осака. 2005. XI+241 тал
- Санжаа Ж. –“Ш.Лувсанвандан, Монгол хэлний авианзүйн онол практикийн асуудлууд” Уб., 2002. 16-17
- Сүхбаатар О. Монголжсон санскрит үг. –“Studia Mongolica”. T.VIII. Уб., 1982. 180-189, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 54-62
- Сүхбаатар О. Монгол хэлнээ орсон зарим санскрит үгийн утга зүйн хувьсал. –“Studia Linguae et Literarum”. T.XX, Уб., 1987. 84-97, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 74-82
- Сүхбаатар О. Монгол бичгийн хэлэнд орсон санскрит үгсийн уйгар уламжлал. –“Studia Linguae et Literarum”. T.XXI, Уб., 1988. 70-79, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 63-73
- Сүхбаатар О. Монгол хэлний харь үгийн толь. Уб., 1997. 233 тал.
- Сэржээ Ж. Монгол хүний санскрит нэр. –“Шинжлэх Ухааны Академийн мэдээ”. №2. Уб., 1991. 45-51, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 83-91
- Таагүүр Т. (Rabindranath Tagore), Өргөлийн дуулал. Орчуулсан Ж.Бадраа. Улаанбаатар. 2003. 104 х.
- Төмөртогоо Д. XIII-XIY зууны үеийн монгол бичгийн дурсгал дахь самгарди үгсийн бичлэгийн онцлог. –“Studia Linguae et Literarum”. T.VII. Уб., 1970 (1969). 209-219, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 36-45
- Хүрэлбаатар Л. Монгол хэлэнд орсон санскрит үг. –“Олон улсын монголч эрдэмтдийн III Их хурал”. III боть. Уб., 1979. 268-273, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 46-53
- Хүрэлбаатар Л. Зарим эмийн ургамлын нэр томьёо. –“Studia Linguae et Literarum” T. XXII. Уб., 1988. 121-139, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 149-163
- Хүрэлбаатар Л. Энэтхэг, төвд, монгол сургаалын зохиолын хэлхээ холбоо. –“Хэл зохиол судлал” боть, 2-р дэвтэр, Улаанбаатар. 1987.
- Цагаансар. Али гали үсгийн судалгаа. CORPUS SCRIPTORUM. Tomus IV. Улаанбаатар. 2005. 79 тал.
- Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. Уб., 1966. 999 тал
- Шагдарсүрэн Ц. Монгол үсэг зүй. Тэргүүн дэвтэр. Улаанбаатар. 1981
- Шарма. Таван сургамж (Панчатантра). Орчуулсан Ж.Гэндэндарма. Улаанбаатар. 1972. 327 х.
- Bira Sh, Sikhbaatar O. On the Tibetan and Mongolian Translations of Sanskrit Grammatical Works. Indolojica Taurenensia, vol. VII, pp. 127-137
- Burnee D. About two Sanskrit words in the Mongolian Language. –“India and Mongolia” Red. Sh.Bira. Уб., 1989. 261-265
- Damdinsürüng Tse. Dandin’s kāvyādarśa and it’s commentaries (Dandin-u jokistu ayalɣun-u toli ba tegün-ü tayilburi-nuɣud-un tuqai tobči medege). –“Studia Mongolica”. Tomus. IV. Уб., 1962. 3-24
- Damdinsürüng Tse. Shambala, a happy land of legends. -“Zentralasiatische Studien II, Wiesbaden, 1977.
- Damdinsuren Tse. Several words of Tantrism. –“Materials of Tibetan”. Budapest. 1978
- Damdinsuren Tse. Ramayana in Mongolia. -“Indolojical studies in the MPR”, Уб., 1979. 29-35
- Khurelbaatar L. Mongolian and Tibetan commentaries on Dandin’s “Kavyādarśa” 204-211
- Rincen B. Sanskrit in Mongolia. –“Studies in Indo-Asian Art and Culture”. Vol.3. New-Delhi, 1974. 91-103. -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 7-22
- Rincen B. Unknown indian translator of vikramaditya tales into Mongolian in the 17th century. –“Studies in Indo-Asian Art and Culture”. Vol.1. New-Delhi, 1972. 205-209. -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг”. Уб., 2007. 23-27
- Stobdan P. Sanskrit Names in Mongolia. –“India and Mongolia” Red. Sh.Bira. UB. 1989. Pp. 212-228, -“Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг&r
No comments:
Post a Comment