Ринчен гуай 1942 оны 4-р сард “Үнэн”
сонинд утга зохиолын нарийн бичгийн даргаар орж ажилласан юм байх.
Би тэр үед улсын хэмжээнд ганцхан байсан,
Маршал Чойбалсангийн нэрийн дор байгуулагдсан 10 жилийн нэгдүгээр сургуулийн
10-р ангид суралцаж байж.
“Үнэн” сонины газар, одоогийн “Улаанбаатар”
зочид буудлын хавьд хоёр давхар дүнзэн байшинд байв. Хотод тэр үед хоёр давхар
байшин, хоёр гарын 10 хуруу хүрэхээр байгаагүй дээ. Тэгэхэд “Үнэн” сонины хоёр
давхар байшин бас өөрийн онцлогтой. Гаднаас нь модон шатаар хоёрдугаар давхарт
нь гарна.
Сонины эрхлэгч Ц. Дамдинсүрэн гуайд үүдний
өрөө, нарийн бичгийн дарга, туслах байсангүй. Зохиол оролддог хүүхэд үүхэдгүй
Дамдинсүрэн гуайн өрөөнд, дуртай цагтаа ордог байв. Нэг өдөр Дамдинсүрэн гуай дээр шүлэг бариад орсон чинь, доод
давхарт Ринчен гэж хүн ирсэн. Тэр хүнд, зохиолоо үзүүлж бай гэв.
Ринчен гэдэг хүн дээр орлоо. Халимаг үсгүй
дээд уруулдаа богино сахалтай, хөх нүдтэй, нилээн биерхүү хүн сууж байна. Ширээ
нь намдаж, жижигдсэн бололтой. Хөлөө ширээн доогуураа урагшаа лав гарган
жийжээ. Ринчен гуай эхлээд сүртэй харагдсан. Шүлгий минь хичээнгүйлэн үзлээ.
Зөөлхөн намуухан дуугаар, шүлгийн минь дутагдлыг хэлж өглөө. Улаан харандаагаар
үгнүүдийг засч, хасч, цэг таслал, үг үсгийн нилээн юм эрээчиж, хэлж өглөө.
Хэлсэн зүйлий нь төдийлөн ойлгосонгүй. Урьд нь хүнээр, шүлгээ ингэж “ноолуулж”
байсангүй. Хөөрхий муу шүлгээ хараад Ринчен гуайд дургүй ч хүрэх шиг. Тэр
шүлэг. Одоо улсын архивт байгаа, миний хавтсанд бий. Шүлэг бичих ёс журмын
тухайд, хүнээс нилээн ухаантай, цэгцтэй үг анх дуулсан минь бараг энэ биз ээ6
Ямар ч болтугай цагийг эзэлсэн, ирээдүйн их хүн, суут Ринчен гуайтай анх ингэж
танилцсан. Одоо бол шүлгийнхээ мууд гайхахгүй байна. Харин Ринчен гуайтай
тийнхүү анх танилцсандаа баярлаж байна. Ер нь Ринчен гуайг, наранд гарч, ажилд
ороод байхад нь анхлан зохиолоо барьж очсон хүн би ч байсан байж болно доо.
Дайны жилүүдэд Ринчен гуайгаа улам сайн
мэдэх болсон.
--------------
Ринчен гуайд миний хүргэсэн тус гэж юу
байхав. Их олон жилийн өмнө, танд бөөгийн дуудлагаас тэмдэглэж авсан зүйл байна
уу? Хэрэг болоод байна гэсэн. 1945 онд, Баян-Өлгийн Сагсай, Буянт сумдаар явж
байхдаа, Зараа гэдэг хүнээс тэмдэглэж авсан бөөгийн дуудлага байсныг хуулж
өгсөн. Хэрэг болсон эсэхийг мэдэхгүй. Миний таталган бичсэн зүйлээс нэгийг
Ринчен гуай бид хоёр хоёулаа элдэвлэн оролдоод тайлж чадаагүйсэн. Ай хөөрхий,
хол явуулахаар хүн гаргахгүй, хоёр хонохоор өөрөө гаргахгүй бичигтэй явна гэдэг
бас л лут алба юм шүү.
Мундашгүй эрдэм сурахад нас даанч богино,
мунхагийн дунд амьдрахад нас даанч урт гэж Ринчен гуай хэлсэн.
Ринчен гуай хамаг амьдралаа эрдэм ном
сурахад зориулсан. Хүн, эрдэм ном яаж сурахын гайхамшигт сайхан жишээ бол
Ринчен гуай мөн. Эрдэм сурсан хүн эх орон, ард түмнийхээ төлөө яаж насан турш
шударга үнэнч зүтгэхийн гэгээн үлгэр болсон хүн ч Ринчен гуай мөн. Ринчен гуай
анх цагаан цаасан дээр бичсэн зүйлдээ, ард түмнээ хэрхэн соён гийгүүлэх
тухайгаа илэрхийлсэн. Насан туршдаа энэ шугамсаасаа өчүүхэн ч хазайхгүй явсаар
цагийг элээсэн.
Ринчен гуайг нас барахад дээрээс уг уй
гашууг дуулиангүй нам гүм үйлдэхийг “зөвлөжээ”.
Цагийг эзэлсэн аугаа их хүнийг дээрээс
буулгасан лүндэнгээр хөдөөлүүлж гүйцэтгэсэн. Зохиолчдоос гэхэд л Дашдэндэв,
Дашдооров бид гурвыг оршуулах ажилд оролцох албан ёсны хүнээр томилж бусад
зохиолчдыг үзэмжээрээ оролцтугай гэсэн. Мөн чиг лут шүү.
Оршуулах ажил гүйцээд гэрт нь буцаж ирсэн.
Жагварал гуайн хажууд суудал таарсан. Бэрх юм үзэж явнаа Бааст минь. Юу ч гэж
хэлэхэв. Амьд байхдаа аятай тавтай, айв тайван, сэтгэл амар амьдарч чадаагүй
байж. Үхсэн хойно нь хүсэл зорилоор нь хань үр хүүхдэ нь төрөл садан, ах дүүс,
танил, анд нөхөд олон нь санасан хүссэнээр нь сүүлчийн замд нь үдчихэж болохгүй
гэдэг мөн ч лут хэрэг шүү гэж өгүүлж суусан сан.
Тийм ээ. Ринчен гуай минь насан эцэс
болтлоо хэлмэгдсэн дээ. Ядахдаа далан гурваных нь жилийг тосгуулж ямар нүгэлтэй
муухайгаар дайрч доромжлов доо. Төмөр голтой ч хүн байсан тэсч тогтохын эрхгүй,
эцэсгүй болтол түмэн туургагүй хэлмэгдүүлсэн шүү дээ. Элдвээр хавчин хяхаж
гүтгэн гүжирдэж байгаа зүйлс дотор нь ядахдаа өчүүхэн ч үнэний хувьтай юм
байгаагүй гэдгийг л бодоод үзэцгээ дээ.
Ингэсээр байгаад буянтай буурал Ринчен
гуайн минь амьд явах өчнөөн юм бүтээх асар их цаг, олон насыг тэд булаан авсан
даа.
Ринчен гуайг нас барсны дараа тэр буянтай
буурлын төлөө нэг зүйл хөөцөлдөх үүрэг надад оногдсон юм.
Зөвлөлт Латвийн ардын яруу найрагч Мирза
Кемпе гэдэг эмэгтэй байжээ. Тэр хүн 1974 онд нас баржээ. Латвид тэр эмэгтэйн
бүрэн зохиолын ботиудыг хэвлээд, дараа нь захианых нь ботиудыг хэвлэх болжээ.
Захианы өв гэж өчнөөн их юм байж гэнэ. Мирза Кемпийн захианы өв дотроос Ринчен
гуайн олон захиа гарчээ. Ринчен гэж монголын нэгэн суут байдгийг мэдмэгц тэд,
Кемпийн Ринчен гуайд бичсэн захиануудыг олох хэрэгтэй болжээ. Тэр авгайн Ринчен
гуайд бичсэн захианы хувь гарсангүй. Тэгэхээр тэд манай зохиолчдын хороонд
захиа бичиж, Кемпийн Ринчен гуайд бичсэн захиаг хуулж буюу тун ядаж гэрэл
зургаар ч болтугай хуулга ирүүлж туслана уу гэжээ. Кемпийн захиа олох, хуулах
үгүй ядаж гэрэл зургаар татуулах үүрэг надад оногдлоо. Тэгээд хүүхдүүдтэй нь
уулзлаа. Раднаа гуайтай ч уулзлаа. Тэгсэн чинь Ринчен гуай хамаг бичиг баримтаа
улсын архивт өгчихсөн гэдгийг мэдлээ.
Улсын архивт очлоо. Овоо хөөрхөн саад
бэрхшээл, хаалт хашилттай тулгарлаа. Түүнийг энд эрээчиж тоолоод яахав. Харин
архивын нөхдийн ярьсан нэгэн сонин зүйлийг энд бичье.
Нэгэн өдөр Ринчен гуай баахан захиа
хормойлчихсон архивт хүрч ирээд ийм юм танайд хэрэгтэй юу? гэсэн гэнэ.
Архивынхан цаанаа дуртай, наанаа жаахан төдгүй байдалтай, энд орхичих доо
гэжээ. Би хэзээ ирж, хариугий нь сонсох вэ? Гэж Ринчен гуай асуухад, та долоо
хоногийн дараа ир дээ гэжээ.
Долоо хоногийн дараа яваад очвол
архивынхан Ринчен гуайн захиаг Орос, Хятад, Англи, Франц, Халимаг, Буриад,
Латви, Литви, Герман, Чех гээд бүх улс гүрэн зохиолчдын нэрс, захианы он сараар
ялгаад, хаяглаад, хавтаслаад, архивт яаж хадгалдаг тэр дэг журмаар нь
үйлдчихсэн байжээ. Түүний нь хараад Ринчен гуай баярлажээ. Тэгээд, та нар минь
ингэж хайрлаж халамжлан, туслаж дэмжиж байгаа бол би ингэнээ гээд хамаг
захианыхаа соёлыг хэдэн өдөр хормойлж зөөгөөд улсын архивт өгчихжээ. Ингэж Ринчен гуай захианыхаа их соёлыг
улсынхаа хамгаалалтад шилжүүлжээ. Ринчен гуайн захианы их соёлыг эмхэлж
гүйцээд, эргэн нэг харахад Ринчен гуай захиагаар харилцдаггүй тив, улс
байгаагүй байна. Өөрийнхөө үеийн таван тивийн бараг бүх суут хүмүүстэй (голцуу
зохиолч, эрдэмтэд) харилцаж байжээ. Ийм хүн, манайд Ринчен гуайгаас өөр хэд
байгаа бол?
Латвийн ардын алдарт яруу найрагч СССР-ийн
төрийн шагналт Мирза Кемпийн олон захиа байсан. Хуулах гэтэл миний мэдлэг,
чадал дутсан. Гэрэл зурагчин Р. Гомбожав гэрэл зургаар татаж Латви нөхдөд тус
болсон.
Ард түмэн мөнхийн адил, аугаа их Ринчен
гуай минь үүрд мөнх оршино.
-------------
Энэхүү дэндүү энэрэх сэтгэлгүй, хүний
үнэргүй өгүүлэл 1976 онд хэвлэгдсэн. 1959 онд Ринчен гуайн тухай Намын Төв
Хорооны тогтоол анх гарсан. Түүнээс хойш бараг 20 шахам жил Ринчен гуайг дайрч
доромжлон, хараан нулимлаа. Нэг хүнийг энэ олон жил ингэж тасралтгүй нулиман
доромжлоход төмөр голтой ч хүн байсан тэсч амьдрах уу даа.
“Эрдэмтэн хүний өндөр үүрэг” өгүүлэл “Намын
амьдрал” сэтгүүлд хэвлэгдсэн байхад Ринчен гуай хүнд өвчтэй байсан.
Томчуудын эмнэлэгт намар оройхон би Ринчен
гуайг эргэж очсон. Эмнэлэг засварт орсон байв. Нэгэн жижигхэн өрөөнд дөрвөн хүн
хэвтэж байв. Ринчен гуай орох гарах хаалганы хажууд хэвтэж байв. Хоймор талыг
Ринчен гуайг бодвол эрүүл саруул гэж хэлэхээр гурван залуу эр эзлээд,
тэрүүхэндээ булагнан идэж уун, инээд хөөр болон наргицгааж байв.
Ринчен гуайн дэргэд хэдэн минут ярьж хөөрч
суулаа. Бие ер нь нэг л дээрдэх янзгүй байна аа. Өвчин танигдахгүй байгаа юм
уу, танивч нууж хаадаг юм уу, ер олигтой юм ярихгүй байна. Ууж буй эм энэ тэр
цөм л өдөр хоногт үлхсэн, аргацаасан янзтай юм... гэх мэт зүйл ярьж байлаа.
Тэгэхдээ арай ч амь насанд халгаатай аюултай өвчин айл буучихсан гэж бодоогүй
байсан даа. Хуучивтар хатуу цагаан цаасан хавтастай, зузаан биш ном үзэж
хэвтсэн сэн. Үзэж буй номы нь сонирхвол латин хэл сурах ном байлаа. Залуу
наснаасаа аваад олон жил сурах гэж оролдоод олигтой сурч амжаагүй юм. Цаг зай
гарсныг далимдуулаад ингээд эргээд үзэж байхад их сонин байна. Уншаад, бодож
санаад байхаар таньдаг ч хүн шиг... эрхбиш гадарлагдаж байна шүү гэж өгүүлж
байж билээ.
Тэгээд би дэргэд нь ганц хайрцаг тамхи
тавиад пальтогоо өмссөн чинь “Хүү минь чи гадаа сүрхий хуйсгануур хүйтэн байхад
яасан нимгэн, хөнгөн явах юм бэ? Эрхбиш дулаан хувцас байгаа биз дээ? Цагийн
аясыг даган шүү. Эргэж ирсэнд чинь баярлалаа...” гээд толгой дохин үлдсэн сэн6
Энэ уулзалт Ринчен гуай бид хоёрын
сүүлчийн уулзалт байжээ.
1977 онд, 3-р сарын 4-нд Ринчен гуай нас
барлаа.
“Намын амьдрал” сэтгүүлд гарсан дээрх
өгүүлэл монголын минь гайхамшигт сайхан хүн, суут Ринчен гуайн амьдралд хүнд
дарамт өгсөн сүүлчийн өгүүлэл байсан даа.
“... нэрээ нуусан тэр этгээд, далан
гурваны минь жил орохын босгон дээр замд минь хөндөлссөн сүүлчийн этгээд болох
болтугай” гэж Ринчен гуай хэлсэн байна.
Тэгэхдээ тэд ганц Ринчен гуайн эсрэг “байлдаагүй
ээ”. “Хамгийг ялан дийлэгч” тэр хар хорон санаагаа Дамдинсүрэн гуай зэрэг хэд
хэдэн хүмүүсийн эсрэг хандуулж байжээ.
Б. Бааст
1994 он.
No comments:
Post a Comment