Өнгөрсөн долоо хоногт болсон Б.Ринчен багштан мэндэлсний 110 жилийн ойд зориулсан "Монгол хэл бичиг, өв соёлын тулгамдсан асуудал III" сэдэвтэй эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцсэн зарим нэг асуудлын талаар товч тэмдэглэл бичсү.
Хурлын үндсэн илтгэлийг Профессор С.Дулам багш "Академич Б.Ринчен багштаны эрдэм шинжилгээний бүтээлийн тойм" гэсэн нэрийн дор илтгэл талбиж, Радион бичлэг хадгалагдан үлдсэн Ри багшийн яриаг сонсгосон нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Тухайн ярианд Ри багш "Үүрийн туяа" романы тухай ярьж байлаа.
Хурлын үеэр "Монгол хэл" дууг эгшиглүүлэв.
Ингээд салбар хуралдаан руу шилжлээ. "Хэл шинжлэлийн салбар хуралдаан" болон " "Утга зохиол, соёлын салбар хуралдаан".
(Миний бие "Хэл шинжлэлийн салбар хуралдаан"-д суусан бөгөөд бүлгэмийн гишүүдээс нөгөө салбар хуралдаанд суусан хүмүүс байвал тэмдэглэл, нийтлэлээ бичвэл сайн шүү.)
Азийн их сургуулийн багш Арай Юүсаки "Монгол болон бусад угсаатанд хандсан Зөвлөлтийн хэлний бодлого" илтгэл дээр Үсэг бичиг, үгийн санд хэрхэн нөлөөлсөн, латинчлах, кирилжих хөдөлгөөн хэзээ, хаанаас эхэлсэн талаар ярьсан юм. Араб үсгийг халсан нь ислам шашинтай улсууд (Азербайжан, Узбек г.м) тухайн шашныхаа судрыг уншиж чадахгүй, шашингүй үзэлтэй болгоход хүргэсэн байж болох юм гэж үзэв.
Ж. Баясан багш "Хэлний илэрхийлэл утгатай байна гэдэг харьцангуй ойлголт мөн үү" гэсэн илтгэл нь их сонирхолтой санагдав. Ухагдахууныг илэрхийлж буй үг нь заавал бодит зүйлийг илэрхийлэх шаардлагагүй гэсэн ойлголт гарч ирж байгаа талаар ярьсан.

Сонордуулахад: Манай бүлгэмийн гишүүн, Буриадын их сургуулийн Жаргал Бадагаров багш "Давтах ёс" сэдвээр илтгэл тавьж, Халх, Буриад, Дагуур зэрэг хэл аялгуунаас дээр жишээ авсан нь сонирхолтой байлаа.
(Зарим эрдэмтэд хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцож, илтгэлээ тавьж чадаагүй нь харамсалтай.)
Энд бичмээр байгаа нэг сонирхолтой илтгэл бол Буриадын Сундуевагийн "Мангас (Manggadqai) гэдэг үгийн гарал" байв. Алтай хэлүүдийн Mang язгууртай үгийг мөшгөж, гарлыг гаргах талаар судалсан байв. Мөн хятад хэлний Mang буюу том хар могой гэсэн үгнээс гаралтай байж болох гэсэн таамаглал дэвшүүлэв.
Өвөр Монголын их сургуулиас ирсэн багш Сарангол "Монгол болон Өвөрмонголын авианы нэр томьёоны харьцуулалт" илтгэл нь монгол хэлний өдгөө тулгамдаж буй асуудлын талаар дурдав. Тэрээр дүгнэлтэндээ "Монгол улсын нэр томьёоны оноолт илүү зөв, оновчтой байгааг ажиглалаа" гэсэн бөгөөд цааш нь "Бид нэг үндэстэн, нэг хэлтэн" гэж хэлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөв. Тиймд бид салбар шинжлэх ухаануудын нэр томьёог нэгтгэх, хоёр улсад тогтож хэвшсэн нэг нэр томьёотой байх тал дээр анхаармаар санагдав.

Лейпцигийн их сургуулийн судлаач Женс Томасын "Монголын нууц товчооны 234 дүгээр зүйлийн нэг хэллэгийн тухай" илтгэл ч анхаарал татахаар байв. Тэрээр "Энэ зүйлийг "Бага мах идэж, Бага гал түлж, Бага юм түүж явтугай" гэж ойлговол зөв юм" гэж үзсэн. (Хурлын илтгэлүүд Acta Mongolica сэтгүүл дээр хэвлэгдэнэ. Хэвлэгдээд гарч ирэхээр нь уншиж сонирхоорой.)
Өөр нэг сонирхолтой илтгэл бол Ц. Онон, Б. Аззаяа нарын "Монгол хэлийг сурах арга барил, итгэл үнэмшил, хандлага" байв. Монгол хэл сурч байгаа гадаад оюутнуудын дунд судалгаа авч, түүнийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн байв. Оюутнууд монгол хэлний үгийн сан баялаг учраас 2000-аас илүү үг мэдэж байж өдөр тутмын харилцаанд орж чадна гэж үзсэн байна. Мөн тэд монгол хэлийг монгол хүнээс ч илүү сурах юмсан гэж үздэг нь хэл сурахад нь өдөөлт болж өгдөг ажээ. Дийлэнх оюутнууд монгол хэл сурахад цэгцтэй дүрмийн мэдлэг, баялаг үгийн сан шаардлагатай ба цэвэр гоё дуудах нь тийм ч чухал биш, мэдсэн зүйлээ ашиглаад харилцах нь чухал гэж үзсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Ри багшийн гэр музейг байгуулах санал гарсан бөгөөд нэгэн эрдэмтэн "Багшийн амьдарч байсан байр одоо цайны газар болсон байна" гэж хэлэв.
Нэг өдрийн турш олон сайхан эрдэмтэн, судлаачдын илтгэлийг сонсож, оюунаа баясгалаа. Хурлыг зохион байгуулж, зар тараасан Ж.Бат-Ирээдүй багшид тун их баярлалаа.
Жич: Бүгдийг биш чухлыг оруулав.
2015.03.22
Монгол улс, Улаанбаатар хот.
Монгол улс, Улаанбаатар хот.