Ринчен гуайг дурсахуй
Миний шинэ танил хууч яриагий минь төдий л сонирхох царайгүй байлаа. Гэвч би цээжинд бөөгнөрсөн харуусал эмгэнэлээ хэн нэгэнтэй хуваалцах сан гэдэг сэтгэлээ барьж чадахгүй байлаа. Шинэ танил маань эрчим хүчний мэргэжилтэн, эрчим хүч цахилгаан техникийн талаар мэдлэг боловсрол дориун, бас уран зохиолын багагүй хорхойтон авай. Гэвч миний яриаг үл ойшоох байдалтай байх нь лав цаг үеийн суртал нэвтрүүлэгт автан ямар нэг “хэл амнаас” хөндий явах гэсэн хүний нэгэн болчихсон мэт бодогдож байлаа. Бид хоёр гүнгэр гангар яриагаа үл таслан өндөр өндөр нарс модон дундуур алхална.
Гуравдугаар сарын наймны баярын өдөр бямба, ням гаригтай угсран таарсан тул агаар салхинд хоёр нэг хоног боловч хотоос гарч амрахаар Дугана хадны амралт руу мордохоор завдан байтал нэгэн таагүй мэдээ хүрч ирэв. Ринчен гуай мөнх бусыг үзүүлсэн тухай МЗЭ-ийн хорооны орлогч дарга Д.Наваансүрэн утасдан талийгаачийг оршуулах ёслолт зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст нарын хамт оролцож Зохиолчдын хорооны нэрийн өмнөөс цэцгийн эрхи өргөх болсныг мэдэгдэв. Тэгэхдээ талийгаачийн оршуулгыг нэг их сүр шуугиан болохын хэрэггүй гэж “дээрээс” анхааруулсан хийгээд тоотой хүмүүс оролцуулах тухай мэдэгдсэн гэж ярив. Талийгаачийн оршуулга дөрөв хоногийн дараа болох ажээ. Би баахан дүнсгэрхэн амралтын зүг хөдлөв. Юүн түрүүнд буурал эрдэмтнийг өөд болсонд харуусан гуньж байлаа. Түүн дээр яагаад “дээрээс” их сүр шуугиан болохын хэрэггүй гэж анхаарууллаа вэ гэж гайхаж байлаа.
Уг нь би тэртээ говийн нэгэн сумын бага сургуульд байхдаа, хот хүрээ рүү аян жин, алба амиар одсон хүмүүсийн амнаас Улаанбаатар хотноо Түвдэндорж гэдэг нэг бяртан, Цогзолмаа гэдэг нэг хөөрхөн хүүхэн, Бямбын Ринчен гэдэг нэг эрдэмтэн байдаг тухай аль олон дуулсан гэх вэ? Түүгээр үл барам зарим нь Б.Ринчен тэнд явахдаа тэгж хэлж гэнэ, тэр даргыг үгээрээ ингэж мад суулгасан гэнэ гэж хууч хөөрөхийг нь дуулж үеийн нөхөддөө дам хөөр цөглөн ярьж ч явсан сан. Улмаар анги дэвших бүр буюу дунд сургуульд сурах зуураа мөнөөхөн домгийн эзэн хүнийхээ бичсэн зохиол бүтээлийг сэтгүүл, сониноос уншиж, “Үүрийн туяа” зохиолын нь биширч, “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн хүн гэж бодох бүр хүндлэн бахархах сэтгэлийн далайд умбасан авай.
1951 оны зул сард ч билүү өвөл Ринчен гуайн барааг анх харж билээ. Тэгэхэд Багшийн сургуульд нэг нутгаас сураар ирсэн бидний хэдэн хүүхэд Улсын нийтийн номын санд ирж ном унших дуртай байв. Нэгэн удаа, бид тийн уншлагын танхимд дор дороо дуртай дургүй номоо дэлгэн сууж байтал, хэн нэг маань гарч явснаа хоёрдугаар давхарт томчуудын ямар нэг хурал болж байгааг мэдээлж ирэв. Тэр томчууд гэдэг үгэндээ, эрдэмтэн мэргэд гэсэн санааг агуулжээ. Бид “томчуудын” барааг харахын хорхойд автан уншлагын танхимаа орхин хурлын танхим руу уван цуван оров. Биднийг хэн нь ч ад үзсэнгүй. Сул суудалд суунгуутаа хуралдагсдыг ажвал дандаа л хотын том тот сэхээтнүүд бололтой. Манай сургуулийн хэл зохиолын хоёр нэг багшаас гадна хотын дунд сургуулийн хэл уран зохиолын зүс мэдэх багш нар ч сууж хааргдана. Биднийг ороход хурлын илтгэл хийж байсан юм уу, эсвэл хүмүүс илтгэлтэй холбогдуулан үг хэлж ч байсан юм уу бүү мэд, осолгүй л нэг хүн индэрт гарчихаад үогсож байдаг. Лавтайяа тэдний яриаг сонсохул хэл шинжилгээний л талаар яриад байх шиг санагдав. Яг тэр үед Сталины “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” зохиол гарчихаад байсан юм. Тэр үг хэлж байгаа хүмүүс, голцуу л сайхь зохиолыг дурьдан нэг хүний зохиолыг голон муучлан их багшийн мэргэн зөв заалтын тухай онцлон яриад байсан юм даг. Монгол дээлнийхээ энгэрт одон медалийн хошоод эгнэ этууз зүүсэн цайвар царайтай хижээл хүн зандрангуй баахан зүйл ярьснаа хурлын тэргүүлэгчдийн ойр урд эгнээнд суусан хүн рүү хуруугаа чичлэн:
-Энэ Ринчен хөөрхий, хэл бол ангийн чанартай гэж ярьж өнөө зохиол шүү юмдаа бичсэн ю шүү.. Түүнээс өөр авах юм байхгүй гэж маягийн үг чих дэлсэж миний сэтгэлийг хөдөлгөж орхив. Би “Ринчен гуай энд байгаа юмсанж. Аль нь юм бэ? Царайгий нь нэг сайн харж авъя” гэж зүрхэндээ дуу алдан бодох нь тэр. Эл бодолдоо хөтлөгдөн суудал дээрээ өндөлзөн хүмүүсийн тав тухыг алдагдуулсан ч байж мэднэ. Хожим мэдвэл, тэр үг хэлж байсан монгол дээлтэй хүн маань Я.Цэвэл авгай байсан юм билээ. Бас нэг шанаа, эрүү бузгай том өндөр хүн үг хэлсэн нь О.Намнандорж гуай байж. Өөр хэн гэдэг ухаантан мэргэд байсан юм бэ, бүү мэд. Харин хурлын завсарлагаанаар, өнөө царай зүсий нь харах гэсэн хүнээ олох гэж зүтгэнэ. Гэтэл бага сага буурал орж байгаа соёо сахалтай, өтгөн үстэй цайвар царайтай хүн Намнандорж гуайтай үг хэлэлцэн зогсоно. Ажвал тууш судалтай саарал костюм өмсөж, пиджакныхаа зүүн энгэрт бидний ер үзээгүй улаан ногоон паалан бүхий тууз, мөнгөн өлзий дэвсгэртэй хэн нэг хүний дүр бүхий тэмдэг зүүсэн нь содхон нүднээ тусав. Тэрвээр иштэй тамхи асаан, утаагий нь баруун жавжаараа, сахлаа нэвт урт уртаар нь үлээн ногоолин нүдээ нэг том болгон, нэг анивхийлгэн үг хөөрч байлаа. Том хүний ярианд саад болох нь бүү мэл, үгий нь чагнах ёсон байх биш. Дэмий л хөндийхөн шиг зогсон бид хэд “Ринчен Бямбаев” гэж шивнэлдэн байж билээ.
Би анх Ринчен гуайн барааг тэгж харж билээ. Хожим мэдэхүл, тэр хурал Ринчен гуайн Монгол хэлний зүй номын тухай шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн хотын их дээд сургууль, техникум, дунд сургуулийн хэлний багш нар хэлэлцэн шүүж тунгааж байсан юм даг уу. Тэр хурлын тухай тийм нэг мэдээ сонинд гарсан байсан шиг санагдах юм. Хүүхэд байж дээ. Түүнээс хойш төдий л удаагүй байтал Д.Сэнгээ гуайн “Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн шүлэглэсэн шүүмж гараад ирэх нь тэр. Нэгэн үе их багагүй л тэр шүүмжлэл-шүлгийг хөөрөлдөн Ринчен гуайг өөлөх муулах үг ам дамжих болсогнд хүүхэд зүрх маань хичнээн эмзэглэн байсныг бүү мэд. Буурал Ринчен (өөрөө тэгж бичих дуртай байсан)-гийн сайхан найруулал, тэмдэглэл, яруухан орчуулга нийтлэгдсээр л байлаа. “Үүрийн туяа” романы гутгаар дэвтэр ч хэвлэгдэж, “Нууцыг задруулсан захидал”, Өвгөн хувьтын өвлийн шөнө ярьсан үлгэр, Шүхэрч Буниа өгүүллэгүүд гарч тэр бүхэн надад баяслыг төрүүлж байлаа. “Далан настны” нэр дарагдсангүй, будаг сайтыг зүлгэх бүр өнгө ордогийн үлгэр болон байв. Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд орчуулгын уран зохиолын талаар илтгэл тавихыг нь ч чагнаж суулаа.
Би Ринчен гуайн ойр байж, хамт алба ажил хашиж аян замд дөрөө нийлэн явж байсан хүмүүс, ойр дотнын нөхдийн нь дэргэд юүхэн билээ. Гэхдээ нутгийн уул шиг буурал эрдэмтдийг хүндэтгэх бахархах нь миний өөрийн хувь гэж сэтгэлдээ бат санасаар явдаг нэгэн бөгөөд уулзаж учирч явсан шар өдрүүдийн бага боловч гэгээн дурсамж бишгүй байдаг.
1954 оны намар би Зохиолчдын хороонд ажиллах болж ахмад, нэртэй зохиолчидтой танилцаж, хотод байгаа найз нөхөдтэй ойртох завшаан тохиолдов. Тэр үед юмдаг. Нэгэн өдөр “Утга зохиол” сонины ажилтан өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай боодлын бор цаасаар ороосон баахан сонин ширээнээсээ гарган ирж, “Наана чинь чамд холбогдолтой юм байгаа сайн үз!Цаашид чамд сургаж болно” хэмээн өгөв. Үзэхүл “Утга зохиол” сонины нилээд хэдэн дугаар аж. Ажвал хэн нэг хүн сонинд гарсан мэдээ сэлт, өгүүлэл, шүлэг найргаас аваад өгүүллэг, найруулал бүхнийг нягтлан уншсан бололтой. Өгүүлбэр зүй, үг найрууллыг нягтлан зарим хэл хэллэг, дүр дүрслэлийг хүртэл тунгаан учир ёсыг тайлан захын нь цагаан зайд татлан бичсэн байлаа. Тэр бүгдийг үзэж байтал миний нэг муу өгүүллэг хэвлэгдсэн сонин гараад ирэв. Өөрийнхөө юмыг болохоор бүүр ч өлөн нүд тавин ажиглав. Аанай л өнөө хүн нягтлан үзсэн нь ил% бас л хэл хэллэг, найруулга зүй сэлтийг анзааран зөрүү бурууг нь учирлан зурж сонины захын зайд бөөн цохолт тэмдэглэл хийжээ. Үзтэл бодож болгоогууштай үнэн зөвийг бичсэн байна. Тэгээд бусад сониныг ч ажиглав. Эцэст нь өвгөөдэйгээс “Хэн ингэж нягт нямбай уншдаг байнаа?” гэвэл “Ринчен…Манай сонины зөвлөлийн гишүүн хүн шүү дээ. Тэгээд шинэ дугаар бүрийг хүргэн өгмөгц уншиж үзсэнээ эгүүлэн ирүүлдэг юм. Сонины шуурхай зөвлөлгөөн гэж юм байдаг юм. Түүнд л манай хүн эчнээ оролцож бодол саналаа хэлж байгаа нь энэ дээ.Өөрөө “орос” “Үнэн” сонинд зав зай муутай байдаг болохоор тэр бүр биеэрээ оролцож чаддаггүй юм гэж тайлбарлав. Миний духны хөлс чийхарч байлаа. Нэгэн бодоход буурал зохиолч, миний муу зохиолыг цаг гарган анхаарч уншжээ гэж баярлах сэтгэл төрөвч тэр том хүнд муу муухайгаа ч ганц дэлгэж дээ гэж… санаа зоох нь түлхүү түрж ирсэнсэн. Жич. Тэр Ринчен гуайн уншсан Утга зохиол сонины дугаарууд нь хаана нэгэн газар хэн нэгэн хүнд хадгалагдаж яваа болбуу гэж боддог юм. Түүнийг олбол дурсгалтай зүйлийн л нэг болно доо гэж санах юм. Түүнээс хойш, Ринчен гуайг зохиолчдын хороогоор үе үе ирэхэд нь хулчагануурхан л байж өнгөрөөдөг байсан. Гэвч зохиолчдын зөвлөлгөөн, хурлын зан дуулгах хэргээр хэдэнтаа гэрийнх нь босгыг алхах завшаан тохиов. Бас сонин сэтгүүлд нь хэвлэлийн хяналтын хувийг хүргэх, авахаар үгийн солиотой болж, Ринчен гуйа ч намайг хэн гэдэг болохыг мэддэг болж билээ. Гэхдээ л, өнөө нэг хэл хэллэг тааруухан юм бичдэг хүү..гэж бодож байгаа болбуу гэж яс хавталзана. Хартал, буурал зохиолч тэгэхэд урам зоригтой ажиллаж байх шиг санагддаг байлаа. Сэнгээ гуай ч Далан настанд даруулга хэрэгтэй гэж бичиж байснаа гэмшин Ринченд гэсэн нөхөрсөг шүлэг бичи, Үүрийн туяа айл бүхэнд туслаа гэсэн мөрий нь бидний хэдэн залуус олзуурхан баярлаж байв.
Гэтэл… Дахиад л хэл ам..Өрнөдийн боловсон зочид буудалд аргал хомоол унгагтаж сууж…Үндсэрхэх үзэлтэн…Цагаан морийг цагаан өвс хатгана. Цагаачийг цагаа хатгана гэх ч шиг. Өөрөө ер тийн хэл аманд өртөнө гэж бодоогүй байж. Өргөн түмнээ л гэсэн сэтгэл өвөрлөж явсан байх. Унгарт хэл шинжилгээний ухааны докторын зэрэг хамгаалан Энэтхэг Хятадаар аялж дорнод европоор явж, Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл, Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл номуудаа хэвлүүлээд байсан цаг.
Тэгэхэд Москва хотноо суралцаж байсан Ч.Лувсанцэрэн, Ж.Дорлигжав зэрэг бидний хэдэн оюутан өвгөн эртэмднийг өмөөрсөн аяс хүний захидал бичиж билээ. Хариу нь ирсэн юм даг. Тэр захиад манай нөхдийн нэгэнд хадгалагдаж мэднэ. Яг тэр үед Ринчен гуайд зориулсан шүлгээ Б.Явуухулан бичсэн юм даг. Бидний тэр сэтгэл хөдлөл, эмзэглэл, үнэн мөрийг хэлэх хойч өдрийн совин ч байсан юм уу? Ринчен гуайн нэрийг мэддэг хүмүүс улам ч нэмэгдсээр байлаа. Гүнж гэдэг алдартай өгүүллэг бичиж нийтлүүлэв. Түүний Заан залуудай, Их Нүүдэл, Сандо амбан роман уншигчдын гар дээр очиж, түүх соёл угсаатны зүй, хэл шинжлэл, ардын аман зохиол, уран зохиол, бөө мөргөл, шашин шүтлэгийн талаар бичсэн эрдэм шинжилгээ, судлалын зохиол бүтээл нь гарсаар байлаа. Тэгэхд төрдөө нэртэй, түмэндээ алдатны насны ойг дуулиантай тэмдэглэдэг байлаа. Бас л “дээрээс” анхааруулсан юм даг уу. Ринчен гуайн жаран насны ой даруухан болж билээ. Зохиолчдын хорооны дарга, орлогч, зарим нарийн бичгийн дарга, зарим секцийн эрхлэгч, яруу найрагч зохиолч цөөхөн хүн одоогийн Монгол зоог (тэр үеийн Бээжин)-ийн газарт гэргийнх нь хамт урин идээ хоол барьж, ерөөл дэмбэрэлийн үг хэлэн хундага өргөж бэлэг дурсгалын зүйл гардуулан тэмдэглэж билээ. Тэр даруухан найр дээр зохиолч Л.Ванган хундага өргөхдөө “Жаран насны даваа гэдэг өндөр даваа байна шүү. Хийе бүтээе гэснээ л амжихгүй бол хичнээн ч жил үлдэж байгаа юм, бүү мэд” гэж хэлэхэд нь буурал эрдэмтэн их л талархаж, элдэв хачиргүй ийм үгэнд би дуртай хэмээн нэгэн хундага архиа нэгмөсөн хөндөрч билээ. Ринчен гуай долоо хоногийн дараа биднийг гэртээ урьж билээ. Бидний хэдэн зохиолчдоос гадна ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, ойр дотнын нөхөд шавь нар нь ирсэн байлаа. Амттан идээ, зоог өрсөн ширээн дунд хонины хоёр ууц тавьсан нь содон харагдаж байсан юм даг. Түүнийг насны ахаар гэрэл зурагчин Ц.Дагдандорж, нөгөөгий нь албан ажлын ёсоор академийн дэд ерөнхийлөгч Цэрэвээр хөндүүлэн ууцны хишиг тараалгаж байсныг санаж байна. Мэдээж ирсэн гийчид баярын хундага өргөж насны уртыг ерөөн үг хэлж байсан даг. Найр өндөрлөхийн үед Ц.Хасбаатар бид хоёрыг номынхоо өрөөнд дагуулан орж, Германд хэвлэгдсэн нэг нэг номон дээр гарынхаа үсгийг зуран дэмдэг дарах өгөх нь тэр. Би ийм юм болно гэж санаагүй тул амссан аагтай хатуу рашааныг ор сураггүй болтол баярласан юм даг. Одоо ч тэр номыг нь өглөгийн дээд хэмээн хадгалсаар явдаг юм.
Далаад оны үе юмдаг. Зохиолч Б.Нямаа Хэнтий аймгаас хотод шилжин ирээд ч байл уу. С.Эрдэнэ бид гурав уулзаж учирсны баярыг тэмдэглэн ялигүй дөрөө чангалснаа Ринчен гуайнд айлчилахаар бүдүүн зүрх гаргав. Замдаа дэлгүүрээр орж нэгэн лонх хуурай спирт аваад тэднийд очлоо. Өвлийн орой байсан юмсан. Ес ч эхлээд байл уу. Жавар салхи сэнгэнүүлсэн гурван хүн орж очсон байх. Ринчен гуай ер гайхсан янзгүй, ажлынхаа өрөөнд залав. Бид ч нэг нэгэн сандалд сууж амар мэндийн үг ажил төрлийн тухай ойр зуурын зүйл ярилцав. Тэгснээ өнөө лонх спиртээ гарган тавив. Гэтэл Ринчен гуай төвөгшөөсөн янзгүй босон харайж данхтай буцалсан ус авчирлаа. Тэгээд “Энэ хайрханы чинь би сайн мэддэггүй юм. Та нар занг нь мэддэгээрээ хэрхэн эд бад хийхээ мэд” гэлээ. Энэ зуур Раднаа гуай ч орж ирсэн шиг санагдана. Лавтай л зэмлэж аяглаагүй юмдаг. Бид өнөө спиртаа өөр нэгэн шилэнд таслан хоёр лонх болгож найруулж аяга аяганд хийж дээжий нь Ринчен гуайд барих юм болов. Гэтэл Ринчен гуай номынхоо тавиур хавиас хуруун чинээ нарийнхан дан мөнгөн хундага гарган ирж, Энэ жүнзэнд хийчих. Наддаа энэ болно гэлээ. Том толгой, бүдүүн зүрх гарган ирсэн бид гурав аяга аягандахаа барсан болоод энэ тэрхнийг асуун энгийн яриа л эг магхан өгүүлэгдэж суулаа. Сүүлдээ гэрийн эзнээс сүрдэх ч шиг болж билээ. Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард сүлжмэл хулсан сандал дээр тухалж, лаазтай улаан тамхийг ороон согтуу гурван толгойг сонжих мэт байвч яриа дэлгэн байлаа.
Үргэлжлэл бий.
© С.Дашдооров
1993-1994 он
No comments:
Post a Comment