бямбын ринчен

бямбын ринчен

2012/03/18

Б.Ринчен "Залуу нас"

эх сурвалж: http://uran20.delhii.net/2007/09/26/454/

Б.Ренчин “Залуу нас”

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?
Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном…
Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.
Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хатуу сэтгэлийн өрийг төлөх гэж
Нил цэцэг мэт залуу нас чамайг би зовоосоон
Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь…

070951_1692063677-jiwon123123.jpg

Номын тухай: Б.Ринчен "Заан залуудай"

эх сурвалж: http://sune.blog.banjig.net/post.php?post_id=79823
 
Б.Ренчин "Заан Залуудай"
Редактор: Г.Жамсранжав
Зургийг: О.Мягмар
Зургийн редактор: Ц.Энэбиш
Техник редактор: Б.Дашлэгцэг
Хянагч: Д.Цэгмэд
Энэ ном 2 дэвтэр байдаг юм билээ. Зурган дээрх ном 2-р дэвтэр нь. "Заан Залуудай" номонд балар эртний хүмүүс яаж амьдардаг байсан тухай, тэдний хэл яриа, соёл хоорондоо ямар байсан зэрэг тухай гардаг.
Залуудай гэдэг залуу аав болон овгийнхонтойгоо аялаж |аялаж байгаа гэж бодсон, 1-р дэвтрийг нь уншаагүй болохоор|, замдаа олон адал явдалтай учирна.
Залуудайн хамт аялаж байгаа хүмүүс, арслан заан агнаж амь зуудаг овгийнхны арслан заанаа авлаж байх үед таарч, аюулд ороод байсан овгийн нэгэн хүнийг аварснаар овгийн ахлагч Залуудайд Заан гэсэн цол өгдөг. Ингээд Залуудай Заан Залуудай нэртэй болдог.
2-р дэвтрийг уншиж эхлэхэд уйтгартай юм шиг санагдаж байсан, уншаад байсан их сонирхолтий юм билээ.
Мөн энэ ном "Залуу хүний заавал унших 100 ном"-ын жагсаалтанд орсон.

2012/03/11

Бас нэгэн ховор зураг


Фэйсбүүкийн Mongolian Calligraphy бүлгийн хуудсанд Дашзэвэгийн Амараагийн оруулсан ховор зураг. Баруун гар талаас Ч.Чимэд, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Э.Оюун, Ч.Лхамсүрэн нар.

Монголыг Монголоор нь дэлхийд таниулсан эрдэмтэн

 эх сурвалж: http://mongolica-journal.blogspot.com/2010/12/blog-post.html

 Tuesday, December 28, 2010


Нэгэн насанд багтахааргүй  ихийг бүтээсэн буурал эрдэмтэндээ монголчууд хайртай. Нэрнээс нь цаашхийг мэдэхгүй энгийн нэгэн ч Б.Ринчен гэдэг нэрийг хүндэтгэн хэлдэг. Шавь нь байгаагүй ч номыг нь биширсэн хэн ч түүнийг Ри багш гэж дотносон  дууддаг.  Хүн бүрээр зүгээр л хайрлуулж, хүндэтгүүлнэ гэдэг  их хувь тавилан. Тэр тавиланг хэрийн хүн оюунаараа зурдаггүй. Эр чадал, хүч бяраараа ард түмнийхээ бахархал болсон баатруудын түүх олон байдаг. Харин эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантны түүх хуруу дарам. Баатрууд  бүхний нүдэн дээр ил тэмцэж, ил омогшиж, ил ялж, ил ялагддаг. Харин эрдэм билигтнүүдийн хувьд арай өөр. Тэд чимээгүйхэн туурвиж, анир гүм амьдардаг. Хэтийдсэн их оюуны  бяр, ухааны цараатай нь олонд хүлээн зөвшөөрөгдөж, ном дагасан, номонд дуртай, ухааныг дээдэлдэг дийлэнх хэсэг нь цаг үедээ амьдраад чимээгүй буцдаг хатуу хууль төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Олны хүндэтгэлийг хүлээсэн тэр цөөхөн билигтнүүдийн нэг бол Монголын Б.Ринчен. Энэ эрхэм хүн хэл шинжлэлч, ардын билиг судлаач, зохиолч, сэтгүүлч, орчуулагч, шүүмжлэгч, угсаатан зүйч, бөө судлаач... байсан.  Кубын зохиолч Грегорио Ортего “ Аливааг өргөн цараатай харж заншсан, ер бусын гэрэл нүдэнд нь байнга гэрэлтэх энэ хүн тэнгэрийн хаяаг харж нүүх суухаа шинждэг эртний нүүдэлч ард түмнийхээ амьд лавлах юм гээч...” хэмээн шагшсан нь жирийн нэг магтаал байгаагүй.  Монголыг судалж, нүүдэлчдийн давтагдашгүй өнгөтэй түүх, соёлын  бүтээлүүдийг нь дэлхийн тавцанд гаргаж тавьсан эрдэмтэн, судлаачдаас Б.Ринчен  нэг л зүйлээрээ онцгой байв. Тэр нүүдэлчдийн үр сад гэдгээрээ илүү гүн рүү нь орж, угаас нь гаргаж ирж соёлоо дэлхийд таниулсан. Үүгээрээ  түүний эрдмийн ажил, уран бүтээл   үнэ цэнэтэй.  

“Folklore Mongol”

Монгол судлаачид түүнийг хүндэтгэдэг. Хүндэтгэхээс аргагүй ихийг хийсэн учир энэ эрхэм хүний нэр өнөөдөр ч монгол судлалд тод мөртэй.  Тэр амьдралынхаа багагүй хэсгийг монгол  угсаатны соёлын өвийг цуглуулж дэлхийд таниулахад зориулсан. Энэ талаас нь авч үзвэл  тэр алдартай угсаатан зүйч. Түүний Монголын зан үйлийн аман зохиолын дээжийг багтаасан 5 цуврал “Folklore Mongol” нэрээр Германд хэвлэгдэж байжээ. Энэ ном өнөөдөр ч монгол судлаачдын ширээний ном. Тухайн үед “Folklore Mongol” цувралыг Английн профессор Бауден “Монгол судлалын салбарт сүүлийн үед чухал гэж онцлохоор олон бүтээл хэвлэгдсэн. Гэхдээ тэдгээр бүтээлийн дотроос хамгийн сонирхол татсан нь Ринченгийнх” хэмээн дуу алдаж байж. Монгол тууль эртний Грекийн “Иллиада”, “Одиссей”, Францын “Роландын тууль”-тай эн зэрэгцэхээр гэдгийг энэ ботиороо харуулсан байдаг. Тэр “Монгол туулийн үг маш баялаг, утга зориг бадрангуй,  зохиолын хувьд хэмжээ далайцаараа бичгийн зохиолтой адилтгавал роман шиг том зохиолын хэлбэр”  хэмээн дүгнэсэн нь бий.  

Уламжлалт шүтлэг,  шашин, соёлоосоо “айгаагүй” билигтэн

Далд  ертөнцийг энэ орчлонтой холбодог Монголын бөөг дэлхий сонирхдог.  Бас судалдаг. Хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэгийн нэг бөөг судлах үндсийг ШУА-ийн жинхэнэ гишүүн Б.Ринчен  тавьсан байдаг. 1920-иод оноос хойш 50 гаруй жилийн турш цуглуулсан  үнэт өвийнх нь багагүй хэсгийг бөө судлалд хамаарах материал эзэлж байж. Монголын бөө судлалд холбогдохыг нь гурван ботиор Германы “Asiatische forschungen” цувралын  3, 8, 40 дүгээрт монгол хэлээр хэвлүүлсэн нь өнөө ч үнэ цэнтэй судлагдахуун хэвээр байна. Сэхээтнүүд нь хуучныхаа өв соёлын талаар ам ангайхаас ч  айдаг байсан  тийм цаг үе Монголын түүхэнд бий. Социализм дэлхийн цөөнгүй улсад хүчирхэг байсан тэр үеийг зарим хүмүүс “төмөр хөшиг” татагдсан үе гэж  тодотгодог.
Бөө, цам, сүм хийд гэж чанга дуугарч болохгүй, эрдэмтэд нь уламжлалт шашин соёлоосоо “айдаг” байсан   тэр үед Ринчен В.Формантай хамтарсан “Шарын шашны багт бүжиг. Монгол дахь эрлэгийн цам” /Lamaistisch tanzmasken. Der Erlik –tsam in der Mongolei/  бүтээлдээ хэрийн хүн зориглохооргүй алхам хийсэн байдаг. Тэр энэ бүтээлдээ ар Монгол дахь хуучин сүм, хийдийн байдал, цамын түүх, эрлэг хааны цамын багууд, цамд бэлтгэх, цамын ёсны талаар тодорхой тайлбарлаж, холбогдох зураг сэлтийг хавсаргасан юм. Монголын шашны түүхэнд шууд холбогдолтой нэлээд зүйлийг судалгааны эргэлтэд оруулж, дэлхийд таниулж байсныг нь  төр засаг тийм ч таатай хүлээн авч дэмжиж байсангүй. Үргэлж л өөлж, хавчиж  байсан нь түүний намтраас тодорхой уншигддаг. Тэрдундаа амьдралынх нь сүүлийн жилүүдэд энэ хандлага бүр ч хүчтэй байсан гэдэг.  Гэхдээ цаг цагийн ухаантнууд энэ хэрийн эсэргүүцэлд толгой бөхийж, өвдөг нугардаггүй. Буурал эрдэмтэн тэр жамаар чимээгүйхэн гуниж, нам гүмхэн бүтээлээ туурвиж, өөрийн түүхтэй, соёлтой Монголыг давтагдашгүй, гайхамшигтайгаар нь дэлхийд харуулж, зөв гэсэн замаараа алхсан. Үнэхээр ч тэр алхам нь зөв байсныг монгол судлалын өнөөдөр харуулж байгаа билээ.  Нэгэн эрдэмтэн түүнийг “Монголын судлалын олон салбарыг дэлхийд тогтолцоотой хөгжүүлж дэлгэрүүлэхэд онцгой зүтгэл гаргасан” гэж дүгнэсэн нь бий. Монгол ардын утга соёл, зан заншилтай холбоотой, олон орны эрдэмтдийн хувьд учир битүүлэг байсан цөөнгүй  асуудлыг тодорхой баримтад тулгуурлаж шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж өгсөн хүнд энэ дайны үнэлгээ багадана уу гэхээс ихдэхгүй мэт санагдана. 

Дорнын нэвтэрхий толь

Хязгаарын яамны тал бичээчээр ажиллаж байсан Б.Ринчен хүүг 1921 оны ардын хувьсгалыг эхлүүлэгч Д.Сүхбаатар жанжин Хүрээг чөлөөлөхөөр мордохынхоо өмнө дуудан уулзаж байж. Жанжин түүнээс “ямар мэргэжлийн сургууль хийх вэ” гэж асуухад хүү “Эмч болмоор байна “ хэмээн хариулсан гэдэг. Харин Сүхбаатар “Бидэнд эмч хэрэгтэй гэвэл Зөвлөлт Орос улс хэдийг л бол хэдийг ирүүлнэ. Бидэнд өөрийн эрдэмтэн хэрэгтэй. Чи хэл, бичгийн сайн сургуульд явбал дээр” хэмээн захисан нь түүний амьдралын эхлэл болжээ. Ленинградын Дорно дахины хэлний салбарт   суралцаж байхад нь Монголын талаас эрдэм шинжилгээний ажилтан бэлдэж өгөх хүсэлтийг Зөвлөлтөд тавьсан аж. Ийнхүү 18 оюутнаас 4 хүн шилэгдсэний нэг нь Ринчен байв. Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиа зүйн лабораторид Хэл бичгийн хүрээлэнгийн хичээлээс гадуур алдартай 9 академичээр удирдуулан 3 жил тусгай лекц заалгажээ. Монголч, академич Владимирцов, энэтхэг судлалч,   академич Ольденбург, төвдөч академич Щербатской,  дорно дахины түүхч, академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, авиа зүйч, академич Щерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, монголч, академич Козин, нангиадач,   академич Алексеев нар түүний багш. Салбартаа толгой академичдаар хичээл заалгах нэг хэрэг. Заалгасан хичээлээ судалгаандаа ашиглаж, цаг мөнхийн бүтээл үлдээх огт өөр хэрэг. Тэр цаг мөнхөд чансаагаа үл алдах бүтээлийг монголчуудад, хүн  төрөлхтөнд үлдээж чадсан билээ.  Энэ утгаараа тэр яах аргагүй “Дорнын нэвтэрхий толь”. 

Хэлээ “өмгөөлж” Н.Хрущевт захидал  илгээв

Б.Ринченгийн “Монгол бичгийн хэлний зүй” гэсэн дөрвөн боть бүтээл гарахааас өмнө дэлхийн судлаачид Монгол хэлийг энэтхэг, төвд, европ хэлний загвараар судалж байжээ. Харин Унгарт докторын зэрэг хамгаалсан энэ бүтээлийг нь академич Л.Лигети, Шебеньтян, Ирөөн нар “Монгол хэлийг монгол хэлнийх нь онцлогт тулгуурлаж, монгол хэл шинжлэлийн түүхнээ монгол хэлний судлалын шинэ үеийг нээсэн анхны бүтээл” хэмээн дуу нэгтэй үнэлсэн байдаг. Энэ бүтээлийн 3 дахь боть болох “Монгол хэлний хэлбэр судлал” хэвлэгдсэн ч шатаагдсан гунигтай түүх бий.  Тухайн үед үзэг нэгт эрдэмтэд нь хүртэл түүний эсрэг дуугарч байв. Шүүмжилж, өөлж, тэр хэрээрээ гавъяа шагнал хүртэж байсан гэдэг. Тэдгээр эрдэмтдийн дунд өдгөө олны хүндэтгэлийг хүлээсэн нэртэй эрдэмтэд хүртэл байсан гэж учир мэдэх улс ярьдаг. Цагийн салхийг ухаантнууд ч сөрөхөд бэрх үе бий. Тэр үед толгой бөхийгөөгүй, хэлэх дуртай үг шигээ “үхсэн ч үнэнчээр яв”-снаараа Б.Ринчен гэдэг нэр  Монгол мэргэдийн түүхэнд өөрийнхөөрөө гялалзах содон шигтгээ болж чадсан юм.
Монголын ШУА-ийн жинхэнэ гишүүн энэ эрдэмтэн  монгол хэл, бичигтээ хайртай, монгол хэл, бичгээ харийн нөлөөлөлд оруулахгүйг хичээж явсан. Уйгуржин  бичгийг криллээр сольсны дараа тэр   Н.Хрушев, Мао Зэ Дун нарт захидал бичиж байжээ. Хүчирхэг гүрний нөлөөнд хэлээ алдчих вий гэх болгоомжлол, хэлгүй бол Монгол оршихгүй гэсэн эмзэглэл буурал эрдэмтнийг үзэг, цаас нийлүүлэхэд хүргэсэн хэрэг. ЗХУ-ын үед Украйнаас Чукча хүртэл 100 гаруй үндэстэн хэл, соёлоо гээсэн гэдэг. БНХАУ-ын харъяанд байдаг Өвөр монголчууд өнөөдөр өөртөө засах орон болж, хэл бичг, соёлоо алдаагүй нь Ринченгийн захидлаас ч улбаатай байж мэднэ. Их эрдэмтэн Мао Зэ Дунд өвөр монголчуудын хэл, соёлыг битгий алдуулаарай гэсэн утгатай захиадал бичиж байсан гэдэг.    Их эрдэмтэн ингэж холыг харж байж. Хэлний тусгаар тогтнол бол соёлын тусгаар тогтнолын суурь дэвсгэр, улс тусгаар оршихуйн цор ганц үнэн гэдгийг мэдэрч, тэмцсэн эрдэмтэн бол Ринчен.  Тэр,
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн өв их эрдэнэ
Сонсох бүр яруу тансагийг гайхан биширч
Сод их билигт түмэн юугаа магтан биширмү би хэмээн шүлэглэж, эх хэлээ хамгаалж, хэл шинжлэлийн салбарт өөрийн гэх тод мөрөө үлдээж чадсан. Профессор Б.Ринчен Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн Анхдугаар Их хурлыг 1959 онд санаачлан зохион байгуулж байв. Олон зуун, бүр хэдэн  мянганаар үнэлэгдэх бичиг, соёлын нандин өв, түүхийн буурал жимээ бусдын нөлөөнд бүдгэрүүлж, бусдынх болгочих вий хэмээн далдхан шаналж явжээ. “Аав Хүн улсаа хүнд алдчихгүй юмсан гэж санаа зовдог байж билээ” хэмээн их эрдэтмний хүү, академич  Р.Барсболд дурсч байсан. Хүннү гүрний 2200 жилийн түүхт ой дараа удахгүй  тохионо.  Энэ ойн үеэр Монгол улс Хүннү бидний өвөг гэж чанга дуугарах байх аа.  Мянганаар тоологдох төрт ёсны түүхтэй улс дэлхийд хэд билээ. Тэр их түүхийг өөрийн гэж авч үлдэх их ухаантан хэчнээн билээ...

Дуун хөрвүүлэгч, орчуулгын онолч, зохиолч 

    Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд цаазын ял сонсч шоронд таван жил хоригдсон  түүнийг орос хэлний төгс мэдлэг нь  аварч байж. Большевик намын түүхийг оросоос орчуулах шаардлагаар “эсэргүү эрдэмтэн”-г   цаазаар аваагүй гэдэг.  Түүнийг 17 хэлтэй байсан гэж судлаачид үздэг. Англи, франц, герман, орос, чех, эртний слав, латин, мажар, эсперанто, манж , түрэг, төвд, хятад... зэрэг хэлнүүдийг  төгс  эзэмшсэн эрдэмтэн байж. Ринчен шоронд байхдаа франц хэл сурчээ. Өрнийн соёлт гүрний хэлийг сурсан түүх их сонин.  Том ган савтай  ялгадас дамжлан явах үед нь  шоронгийн хашаан доторх зуухны дэргэд шатаахаар овоолсон “эсэргүү” номон дотор нэлээд зузаан нэг ном нүдэнд нь тусчээ. Тэр номыг ухасхийн авч үзтэл франц хэлний сурах бичиг байж. Дагаж явсан хуяг нь номоо тавь гэж зандрахад “Бие зассаны дараа хэрэглэх цаас олдохгүй юм. Энийг хэрэглэе” хэмээн гуйж байж тэр номыг авсан гэдэг. Ингэж тэр шоронд байхдаа франц хэл эзэмшиж байжээ. Түүний монгол судлалаар гадаадад хэвлүүлсэн бүтээлийн дийлэх нь франц хэл дээр байсан гэж шавь Ц.Шагдарсүрэн нь дурссан нь бий. Тэр шавь нартаа  англи, франц, орос, герман хэлийг заавал сурах ёстой гэж захидаг байж.  Дундад зуунд Европ дахины номын хэл болж байсан латин хэл, төв Азид эрт үед хэрэглэгдэж байсан энэтхэг европын овог хэлний өвөг болсон самгарди хэлийг үзэхгүй бол яавч болохгүй гэж өвгөн эрдэмтэн боддог байжээ. Тэр хэлийг насан туршдаа сурсан. Бурхан болохынхоо өмнө бие нь муу байхдаа эртний латин, хятад хэлийг үзсээр байж. 
Б.Ринчин Монголын алдартай орчуулагчдын нэг. Бас орчуулгын нэртэй  онолч. Гоголийн “Тарас Бульба”,  М.Шолоховын “Хүний хувь заяа”, Х.К.Андерсоны “Үлгэрүүд”,  Калидасын “Үүлэн зардас” зэрэг сонгодогуудыг эх хэлнээ нүдэнд бууж, сэтгэлд ургатал  хөрвүүлсэн байдаг. Тэр дундаа алдарт “Үүлэн зардас”-ын орчуулгыг  сонгодог  болсон гэж судлаачид  онцолдог.  Ринчен 20 гаруй орны 70-аад зохиолчийн 240 орчим нэр төрлийн бүтээлийг орос, англи, франц, польш, чех, мажар зэрэг хэлнээс орчуулж байжээ. Харамсалтай түүний орчуулсан Ж.Лондоны “Нууцын эзэн”, Жюль Верний “Газрын холд аялсан нь”, Жон Ридийн Ертөнцийг дэнсэлгэн хөдөлгөсөн арван хоног”,  А.С.Пушкиний “Авсчин”, В.Шекспирийн “Отелло”,  “Макбет”  зэрэг сонгодогуудыг хэвлэх эрхийг тухайн үед нь өгөөгүй. Орчуулсан эхийг нь  ч ор сураггүй алга болгож байжээ. Хэрвээ ингэж хориогүй бол Ринчений Пушкин, Шекспир монгол уншигчдын сэтгэлийн утсыг хэрхэн хөндөх байсан бол.... Яагаад ч юм харамслын өнгөтэй ийм олон асуултыг түүний намтрыг судалж, ойр дотныхонтой нь ярилцаж байхдаа өөртөө  тавьсан.
Тэр “Өөрийн бичсэн зүйлээ өөр хэлээр бодоод үзэхэд засмаар санагддаг. Өөрөөр хэлээр харахад тодотгогч шилээр харсантай адил байдаг” хэмээн хэлдэг байж. Хэлийг өөрийн болгож төгс эзэмшиж чадсаныг   батлахаар үгийг шавь нар нь  багшийгаа дурсахдаа хэлэх дуртай. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржтой А.С.Пушкины ганц нэг шүлэг, туужийг орчуулан ноороглож эхтэй нь тулган, санал бодлоо солилцож явсан жаахан залуу Монголын нэртэй дуун хөрвүүлэгч, орчуулгын  шүүмжлэгч болж чадсан билээ. Тэр орчуулагчаас гадна Монголын нэртэй зохиолчдын нэг. Монголын уран зохиолчдын анхны бүлгэмийн гишүүнээр элсч байсан энэ эрхэм хүний “Цогт тайж”, “Ану хатан”, “Заан Залуудай” зэрэг түүхэн бүтээлүүд нь Монголын уран зохиолын шилдэг бүтээлийн тоонд багтдаг юм. 

Хэн ч эзлэхээргүй орчлыг бүтээсэн ухаантан

  Монголын их эрдэмтэн 77 насандаа таалал төгссөн. Насандаа баймгүй ихийг хийсэн түүнийг бие барахад гашуудлын мэдээ тавих сонин олдохгүй байж. Түүний шавь Ц.Шагдарсүрэн ”Багшийг нас барсны дараа  “Утга зохиол урлаг” сонинд хэл ам болж байж гашуудлын мэдээ тавиулсан юм. Тэр мэдээг одоо эргээд бодож байхад дээд сургууль төгсөөгүй, .... цагаач маягаар Монголд ирсэн... гэх зэрэг ойлголт авахаар байдаг. Үүнийг тэр үед нэг бус хүн нууцхан ярьдаг байсан шүү” хэмээн дурсчээ.  Эх орных нь сонин хэвлэл их эрдэмтнийхээ таалал төгссөн  гашуудлын мэдээг ийм өнгөтэй нийтэлж байхад АНУ-ын нэгэн хэвлэлд “Монголын Солженицын нас барлаа” хэмээн гашуудан мэдээлж, Английн монголч эрдэмтэн Ч.Бауден “Ринчен бэрх хатуу цагт аж төрсөн. Түүний бүхий л амьдрал баатарлаг үйлс байсан юм. Ардынхаа соёл, уламжлалд сэтгэл зүрхнээсээ хайртай, дахиад хэзээ ч төрөхөөргүй эрдэм, чадал нь хэтийдсэн хүн. Ийм хүн байсан нь өдгөөгийн монголчуудын хувьд эрхэм аз түшсэн хэрэг. Бид түүнд асар их өртэй үлдсэн улс шүү дээ” хэмээн гуниглан дурсаж байлаа.  Польшийн монголч эрдэмтэн С.Шинкевич “Тэр хаана ч явсан Монголын соёлын элч болж байдагсан. Түүний гойд сайхан  чанар нь Ж.Неругийн анд нөхөр болгосон юм. Энэтхэгийн төдийгүй бусад улс орны зүйл зүйлийн соёлын хөрсөнд соёолон ургасан сод хүмүүсийн оюун ухааныг үнэлж чаддаг байсан энэ их хүн Монголын Ринченг хүндэтгэдэг байсан. Профессор уулзаж учрах бүрийд ухаалаг мэргэн зөвлөгөө, марган сэнхрүүлэх чадвараараа аргагүй бишрүүлж, хэнд ч ялагдашгүй, хэзээ ч үхэшгүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байлаа. Польшийн их анд, сод хүмүүн нас нөгчжээ”  хэмээн гашуудаж байж. Бүр хожим 1990 онд Польшийн Алтай судлаач Э.Трыярски “...Тал талын гүнзгий мэдлэгтэй, нөр хичээнгүй зүтгэлтэн, эрдэмтэн Ринченг наснаас нөгчихөд нь дэлхийн шинжлэх ухаан гүнээ эмгэнэн гашуудсан. 1977 онд онгойн үлдсэн түүний суудал өнөөдөр ч эзэнгүй хэвээр байна” гэсэн нь бий.   Ринчен гэдэг эрдэмтэнтэй байсандаа Монгол азтай, хүн төрөлхтний анхны иргэншил болох нүүдэлчдийн соёлыг  цагийн өнгөнд хувиргалгүй түгээж чадсан ийм ухаантантайдаа  дэлхий азтай, тэр их хүнийг амьдад нь үнэлээгүй цагийн өнгө гунигтай. Орон зайг нь хэн ч эзэлж чадахааргүй орчлыг бүтээж чадсан ухаантан энэ дэлхийд хэд билээ. Талын Монголын үе үеийн их ухаантнуудын үргэлжлэл болсон их эрдэмтнийхээ өлмийд мөргөм үү.

 

2012/03/01

Ринчен гуайг дурсахуй

 
Ринчен гуайг дурсахуй
Миний шинэ танил хууч яриагий минь төдий л сонирхох царайгүй байлаа. Гэвч би цээжинд бөөгнөрсөн харуусал эмгэнэлээ хэн нэгэнтэй хуваалцах сан гэдэг сэтгэлээ барьж чадахгүй байлаа. Шинэ танил маань эрчим хүчний мэргэжилтэн, эрчим хүч цахилгаан техникийн талаар мэдлэг боловсрол дориун, бас уран зохиолын багагүй хорхойтон авай. Гэвч миний яриаг үл ойшоох байдалтай байх нь лав цаг үеийн суртал нэвтрүүлэгт автан ямар нэг “хэл амнаас” хөндий явах гэсэн хүний нэгэн болчихсон мэт бодогдож байлаа. Бид хоёр гүнгэр гангар яриагаа үл таслан өндөр өндөр нарс модон дундуур алхална.
Гуравдугаар сарын наймны баярын өдөр бямба, ням гаригтай угсран таарсан тул агаар салхинд хоёр нэг хоног боловч хотоос гарч амрахаар Дугана хадны амралт руу мордохоор завдан байтал нэгэн таагүй мэдээ хүрч ирэв. Ринчен гуай мөнх бусыг үзүүлсэн тухай МЗЭ-ийн хорооны орлогч дарга Д.Наваансүрэн утасдан талийгаачийг оршуулах ёслолт зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст нарын хамт оролцож Зохиолчдын хорооны нэрийн өмнөөс цэцгийн эрхи өргөх болсныг мэдэгдэв. Тэгэхдээ талийгаачийн оршуулгыг нэг их сүр шуугиан болохын хэрэггүй гэж “дээрээс” анхааруулсан хийгээд тоотой хүмүүс оролцуулах тухай мэдэгдсэн гэж ярив. Талийгаачийн оршуулга дөрөв хоногийн дараа болох ажээ. Би баахан дүнсгэрхэн амралтын зүг хөдлөв. Юүн түрүүнд буурал эрдэмтнийг өөд болсонд харуусан гуньж байлаа. Түүн дээр яагаад “дээрээс” их сүр шуугиан болохын хэрэггүй гэж анхаарууллаа вэ гэж гайхаж байлаа.
Уг нь би тэртээ говийн нэгэн сумын бага сургуульд байхдаа, хот хүрээ рүү аян жин, алба амиар одсон хүмүүсийн амнаас Улаанбаатар хотноо Түвдэндорж гэдэг нэг бяртан, Цогзолмаа гэдэг нэг хөөрхөн хүүхэн, Бямбын Ринчен гэдэг нэг эрдэмтэн байдаг тухай аль олон дуулсан гэх вэ? Түүгээр үл барам зарим нь Б.Ринчен тэнд явахдаа тэгж хэлж гэнэ, тэр даргыг үгээрээ ингэж мад суулгасан гэнэ гэж хууч хөөрөхийг нь дуулж үеийн нөхөддөө дам хөөр цөглөн ярьж ч явсан сан. Улмаар анги дэвших бүр буюу дунд сургуульд сурах зуураа мөнөөхөн домгийн эзэн хүнийхээ бичсэн зохиол бүтээлийг сэтгүүл, сониноос уншиж, “Үүрийн туяа” зохиолын нь биширч, “Цогт тайж” киноны зохиолыг бичсэн хүн гэж бодох бүр хүндлэн бахархах сэтгэлийн далайд умбасан авай.
1951 оны зул сард ч билүү өвөл Ринчен гуайн барааг анх харж билээ. Тэгэхэд Багшийн сургуульд нэг нутгаас сураар ирсэн бидний хэдэн хүүхэд Улсын нийтийн номын санд ирж ном унших дуртай байв. Нэгэн удаа, бид тийн уншлагын танхимд дор дороо дуртай дургүй номоо дэлгэн сууж байтал, хэн нэг маань гарч явснаа хоёрдугаар давхарт томчуудын ямар нэг хурал болж байгааг мэдээлж ирэв. Тэр томчууд гэдэг үгэндээ, эрдэмтэн мэргэд гэсэн санааг агуулжээ. Бид “томчуудын” барааг харахын хорхойд автан уншлагын танхимаа орхин хурлын танхим руу уван цуван оров. Биднийг хэн нь ч ад үзсэнгүй. Сул суудалд суунгуутаа хуралдагсдыг ажвал дандаа л хотын том тот сэхээтнүүд бололтой. Манай сургуулийн хэл зохиолын хоёр нэг багшаас гадна хотын дунд сургуулийн хэл уран зохиолын зүс мэдэх багш нар ч сууж хааргдана. Биднийг ороход хурлын илтгэл хийж байсан юм уу, эсвэл хүмүүс илтгэлтэй холбогдуулан үг хэлж ч байсан юм уу бүү мэд, осолгүй л нэг хүн индэрт гарчихаад үогсож байдаг. Лавтайяа тэдний яриаг сонсохул хэл шинжилгээний л талаар яриад байх шиг санагдав. Яг тэр үед Сталины “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” зохиол гарчихаад байсан юм. Тэр үг хэлж байгаа хүмүүс, голцуу л сайхь зохиолыг дурьдан нэг хүний зохиолыг голон муучлан их багшийн мэргэн зөв заалтын тухай онцлон яриад байсан юм даг. Монгол дээлнийхээ энгэрт одон медалийн хошоод эгнэ этууз зүүсэн цайвар царайтай хижээл хүн зандрангуй баахан зүйл ярьснаа хурлын тэргүүлэгчдийн ойр урд эгнээнд суусан хүн рүү хуруугаа чичлэн:
-Энэ Ринчен хөөрхий, хэл бол ангийн чанартай гэж ярьж өнөө зохиол шүү юмдаа бичсэн ю шүү..  Түүнээс өөр авах юм байхгүй гэж маягийн үг чих дэлсэж миний сэтгэлийг хөдөлгөж орхив. Би “Ринчен гуай энд байгаа юмсанж. Аль нь юм бэ? Царайгий нь нэг сайн харж авъя” гэж зүрхэндээ дуу алдан бодох нь тэр. Эл бодолдоо хөтлөгдөн суудал дээрээ өндөлзөн хүмүүсийн тав тухыг алдагдуулсан ч байж мэднэ. Хожим мэдвэл, тэр үг хэлж байсан монгол дээлтэй хүн маань Я.Цэвэл авгай байсан юм билээ. Бас нэг шанаа, эрүү бузгай том өндөр хүн үг хэлсэн нь О.Намнандорж гуай байж. Өөр хэн гэдэг ухаантан мэргэд байсан юм бэ, бүү мэд. Харин хурлын завсарлагаанаар, өнөө царай зүсий нь харах гэсэн хүнээ олох гэж зүтгэнэ. Гэтэл бага сага буурал орж байгаа соёо сахалтай, өтгөн үстэй цайвар царайтай хүн Намнандорж гуайтай үг хэлэлцэн зогсоно. Ажвал тууш судалтай саарал костюм өмсөж, пиджакныхаа зүүн энгэрт бидний ер үзээгүй улаан ногоон паалан бүхий тууз, мөнгөн өлзий дэвсгэртэй хэн нэг хүний дүр бүхий тэмдэг зүүсэн нь содхон нүднээ тусав. Тэрвээр иштэй тамхи асаан, утаагий нь баруун жавжаараа, сахлаа нэвт урт уртаар нь үлээн ногоолин нүдээ нэг том болгон, нэг анивхийлгэн үг хөөрч байлаа. Том хүний ярианд саад болох нь бүү мэл, үгий нь чагнах ёсон байх биш. Дэмий л хөндийхөн шиг зогсон бид хэд “Ринчен Бямбаев” гэж шивнэлдэн байж билээ.
Би анх Ринчен гуайн барааг тэгж харж билээ. Хожим мэдэхүл, тэр хурал Ринчен гуайн Монгол хэлний зүй номын тухай шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн хотын их дээд сургууль, техникум, дунд сургуулийн хэлний багш нар хэлэлцэн шүүж тунгааж байсан юм даг уу. Тэр хурлын тухай тийм нэг мэдээ сонинд гарсан байсан шиг санагдах юм. Хүүхэд байж дээ. Түүнээс хойш төдий л удаагүй байтал Д.Сэнгээ гуайн “Далан настанд даруулга хэрэгтэй” гэсэн шүлэглэсэн шүүмж гараад ирэх нь тэр. Нэгэн үе их багагүй л тэр шүүмжлэл-шүлгийг хөөрөлдөн Ринчен гуайг өөлөх муулах үг ам дамжих болсогнд хүүхэд зүрх маань хичнээн эмзэглэн байсныг бүү мэд. Буурал Ринчен (өөрөө тэгж бичих дуртай байсан)-гийн сайхан найруулал, тэмдэглэл, яруухан орчуулга нийтлэгдсээр л байлаа. “Үүрийн туяа” романы гутгаар дэвтэр ч хэвлэгдэж, “Нууцыг задруулсан захидал”, Өвгөн хувьтын өвлийн шөнө ярьсан үлгэр, Шүхэрч Буниа өгүүллэгүүд гарч тэр бүхэн надад баяслыг төрүүлж байлаа. “Далан настны” нэр дарагдсангүй, будаг сайтыг зүлгэх бүр өнгө ордогийн үлгэр болон байв. Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд орчуулгын уран зохиолын талаар илтгэл тавихыг нь ч чагнаж суулаа.
Би Ринчен гуайн ойр байж, хамт алба ажил хашиж аян замд дөрөө нийлэн явж байсан хүмүүс, ойр дотнын нөхдийн нь дэргэд юүхэн билээ. Гэхдээ нутгийн уул шиг буурал эрдэмтдийг хүндэтгэх бахархах нь миний өөрийн хувь гэж сэтгэлдээ бат санасаар явдаг нэгэн бөгөөд уулзаж учирч явсан шар өдрүүдийн бага боловч гэгээн дурсамж бишгүй байдаг.
1954 оны намар би Зохиолчдын хороонд ажиллах болж ахмад, нэртэй зохиолчидтой танилцаж, хотод байгаа найз нөхөдтэй ойртох завшаан тохиолдов. Тэр үед юмдаг. Нэгэн өдөр “Утга зохиол” сонины ажилтан өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай боодлын бор цаасаар ороосон баахан сонин ширээнээсээ гарган ирж, “Наана чинь чамд холбогдолтой юм байгаа сайн үз!Цаашид чамд сургаж болно” хэмээн өгөв. Үзэхүл “Утга зохиол” сонины нилээд хэдэн дугаар аж. Ажвал хэн нэг хүн сонинд гарсан мэдээ сэлт, өгүүлэл, шүлэг найргаас аваад өгүүллэг, найруулал бүхнийг нягтлан уншсан бололтой. Өгүүлбэр зүй, үг найрууллыг нягтлан зарим хэл хэллэг, дүр дүрслэлийг хүртэл тунгаан учир ёсыг тайлан захын нь цагаан зайд татлан бичсэн байлаа. Тэр бүгдийг үзэж байтал миний нэг муу өгүүллэг хэвлэгдсэн сонин гараад ирэв. Өөрийнхөө юмыг болохоор бүүр ч өлөн нүд тавин ажиглав. Аанай л өнөө хүн нягтлан үзсэн нь ил% бас л хэл хэллэг, найруулга зүй сэлтийг анзааран зөрүү бурууг нь учирлан зурж сонины захын зайд бөөн цохолт тэмдэглэл хийжээ. Үзтэл бодож болгоогууштай үнэн зөвийг бичсэн байна. Тэгээд бусад сониныг ч ажиглав. Эцэст нь өвгөөдэйгээс “Хэн ингэж нягт нямбай уншдаг байнаа?” гэвэл “Ринчен…Манай сонины зөвлөлийн гишүүн хүн шүү дээ. Тэгээд шинэ дугаар бүрийг хүргэн өгмөгц уншиж үзсэнээ эгүүлэн ирүүлдэг юм. Сонины шуурхай зөвлөлгөөн гэж юм байдаг юм. Түүнд л манай хүн эчнээ оролцож бодол саналаа хэлж байгаа нь энэ дээ.Өөрөө “орос” “Үнэн” сонинд зав зай муутай байдаг болохоор тэр бүр биеэрээ оролцож чаддаггүй юм гэж тайлбарлав. Миний духны хөлс чийхарч байлаа. Нэгэн бодоход буурал зохиолч, миний муу зохиолыг цаг гарган анхаарч уншжээ гэж баярлах сэтгэл төрөвч тэр том хүнд муу муухайгаа ч ганц дэлгэж  дээ гэж… санаа зоох нь түлхүү түрж ирсэнсэн. Жич. Тэр Ринчен гуайн уншсан Утга зохиол сонины дугаарууд нь хаана нэгэн газар хэн нэгэн хүнд хадгалагдаж яваа болбуу гэж боддог юм. Түүнийг олбол дурсгалтай зүйлийн л нэг болно доо гэж санах юм. Түүнээс хойш, Ринчен гуайг зохиолчдын хороогоор үе үе ирэхэд нь хулчагануурхан л байж өнгөрөөдөг байсан. Гэвч зохиолчдын зөвлөлгөөн, хурлын зан дуулгах хэргээр хэдэнтаа гэрийнх нь босгыг алхах завшаан тохиов. Бас сонин сэтгүүлд нь хэвлэлийн хяналтын хувийг хүргэх, авахаар үгийн солиотой болж, Ринчен гуйа ч намайг хэн гэдэг болохыг мэддэг болж билээ. Гэхдээ л, өнөө нэг хэл хэллэг тааруухан юм бичдэг хүү..гэж бодож байгаа болбуу гэж яс хавталзана. Хартал, буурал зохиолч тэгэхэд урам зоригтой ажиллаж байх шиг санагддаг байлаа. Сэнгээ гуай ч Далан настанд даруулга хэрэгтэй гэж бичиж байснаа гэмшин Ринченд гэсэн нөхөрсөг шүлэг бичи, Үүрийн туяа айл бүхэнд туслаа гэсэн мөрий нь бидний хэдэн залуус олзуурхан баярлаж байв.
Гэтэл… Дахиад л хэл ам..Өрнөдийн боловсон зочид буудалд аргал хомоол унгагтаж сууж…Үндсэрхэх үзэлтэн…Цагаан морийг цагаан өвс хатгана. Цагаачийг цагаа хатгана гэх ч шиг. Өөрөө ер тийн хэл аманд өртөнө гэж бодоогүй байж. Өргөн түмнээ л гэсэн сэтгэл өвөрлөж явсан байх. Унгарт хэл шинжилгээний ухааны докторын зэрэг хамгаалан Энэтхэг Хятадаар аялж дорнод европоор явж, Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл, Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл номуудаа хэвлүүлээд байсан цаг.
Тэгэхэд Москва хотноо суралцаж байсан Ч.Лувсанцэрэн, Ж.Дорлигжав зэрэг бидний хэдэн оюутан өвгөн эртэмднийг өмөөрсөн аяс хүний захидал бичиж билээ. Хариу нь ирсэн юм даг. Тэр захиад манай нөхдийн нэгэнд хадгалагдаж мэднэ. Яг тэр үед Ринчен гуайд зориулсан шүлгээ Б.Явуухулан бичсэн юм даг. Бидний тэр сэтгэл хөдлөл, эмзэглэл, үнэн мөрийг хэлэх хойч өдрийн совин ч байсан юм уу? Ринчен гуайн нэрийг мэддэг хүмүүс улам ч нэмэгдсээр байлаа. Гүнж гэдэг алдартай өгүүллэг бичиж нийтлүүлэв. Түүний Заан залуудай, Их Нүүдэл, Сандо амбан роман уншигчдын гар дээр очиж, түүх соёл угсаатны зүй, хэл шинжлэл, ардын аман зохиол, уран зохиол, бөө мөргөл, шашин шүтлэгийн талаар бичсэн эрдэм шинжилгээ, судлалын зохиол бүтээл нь гарсаар байлаа. Тэгэхд төрдөө нэртэй, түмэндээ алдатны насны ойг дуулиантай тэмдэглэдэг байлаа. Бас л “дээрээс” анхааруулсан юм даг уу. Ринчен гуайн жаран насны ой даруухан болж билээ. Зохиолчдын хорооны дарга, орлогч, зарим нарийн бичгийн дарга, зарим секцийн эрхлэгч, яруу найрагч зохиолч цөөхөн хүн одоогийн Монгол зоог (тэр үеийн Бээжин)-ийн газарт гэргийнх нь хамт урин идээ хоол барьж, ерөөл дэмбэрэлийн үг хэлэн хундага өргөж бэлэг дурсгалын зүйл гардуулан тэмдэглэж билээ. Тэр даруухан найр дээр зохиолч Л.Ванган хундага өргөхдөө “Жаран насны даваа гэдэг өндөр даваа байна шүү. Хийе бүтээе гэснээ л амжихгүй бол хичнээн ч жил үлдэж байгаа юм, бүү мэд” гэж хэлэхэд нь буурал эрдэмтэн их л талархаж, элдэв хачиргүй ийм үгэнд би дуртай хэмээн нэгэн хундага архиа нэгмөсөн хөндөрч билээ. Ринчен гуай долоо хоногийн дараа биднийг гэртээ урьж билээ. Бидний хэдэн зохиолчдоос гадна ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, ойр дотнын нөхөд шавь нар нь ирсэн байлаа. Амттан идээ, зоог өрсөн ширээн дунд хонины хоёр ууц тавьсан нь содон харагдаж байсан юм даг. Түүнийг насны ахаар гэрэл зурагчин Ц.Дагдандорж, нөгөөгий нь албан ажлын ёсоор академийн дэд ерөнхийлөгч Цэрэвээр хөндүүлэн ууцны хишиг тараалгаж байсныг санаж байна. Мэдээж ирсэн гийчид баярын хундага өргөж насны уртыг ерөөн үг хэлж байсан даг. Найр өндөрлөхийн үед Ц.Хасбаатар бид хоёрыг номынхоо өрөөнд дагуулан орж, Германд хэвлэгдсэн нэг нэг номон дээр гарынхаа үсгийг зуран дэмдэг дарах өгөх нь тэр. Би ийм юм болно гэж санаагүй тул амссан аагтай хатуу рашааныг ор сураггүй болтол баярласан юм даг. Одоо ч тэр номыг нь өглөгийн дээд хэмээн хадгалсаар явдаг юм.
Далаад оны үе юмдаг. Зохиолч Б.Нямаа Хэнтий аймгаас хотод шилжин ирээд ч байл уу. С.Эрдэнэ бид гурав уулзаж учирсны баярыг тэмдэглэн ялигүй дөрөө чангалснаа Ринчен гуайнд айлчилахаар бүдүүн зүрх гаргав. Замдаа дэлгүүрээр орж нэгэн лонх хуурай спирт аваад тэднийд очлоо. Өвлийн орой байсан юмсан. Ес ч эхлээд байл уу. Жавар салхи сэнгэнүүлсэн гурван хүн орж очсон байх. Ринчен гуай ер гайхсан янзгүй, ажлынхаа өрөөнд залав.  Бид ч нэг нэгэн сандалд сууж амар мэндийн үг ажил төрлийн тухай ойр зуурын зүйл ярилцав. Тэгснээ өнөө лонх спиртээ гарган тавив. Гэтэл Ринчен гуай төвөгшөөсөн янзгүй босон харайж данхтай буцалсан ус авчирлаа. Тэгээд “Энэ хайрханы чинь би сайн мэддэггүй юм. Та нар занг нь мэддэгээрээ хэрхэн эд бад хийхээ мэд” гэлээ. Энэ зуур Раднаа гуай ч орж ирсэн шиг санагдана. Лавтай л зэмлэж аяглаагүй юмдаг. Бид өнөө спиртаа өөр нэгэн шилэнд таслан хоёр лонх болгож найруулж аяга аяганд хийж дээжий нь Ринчен гуайд барих юм болов. Гэтэл Ринчен гуай номынхоо тавиур хавиас хуруун чинээ нарийнхан дан мөнгөн хундага гарган ирж, Энэ жүнзэнд хийчих. Наддаа энэ болно гэлээ. Том толгой, бүдүүн зүрх гарган ирсэн бид гурав аяга аягандахаа барсан болоод энэ тэрхнийг асуун энгийн яриа л эг магхан өгүүлэгдэж суулаа. Сүүлдээ гэрийн эзнээс сүрдэх ч шиг болж билээ. Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард сүлжмэл хулсан сандал дээр тухалж, лаазтай улаан тамхийг ороон согтуу гурван толгойг сонжих мэт байвч яриа дэлгэн байлаа.
Үргэлжлэл бий.
© С.Дашдооров
1993-1994 он