http://h-turuu.blogspot.com/2009/02/1905.html
"Билгүүн номч" хэмээн олноо алдаршин их хүмүүн Бямбын Ренчин бээр 1905 онд Ага буриадын нутагт төржээ. Улмаар 1919 онд Монголд аж төрөхөөр /авга ах/ үрчилж авсан эцэг Содов болон эмэг эх, авга эгч, хоёр дүүгийн хамтаар ирсэн билээ. Эцэг Содов нь автономитыг байгуулсны дараа сүмийн дэргэд нэг бяцхан газрыг түрээсээр авч нутаг буцсан боловч 1919 онд нутагтаа амьдрах боломжгүй болж дүрвэн хуучин өвс хадлан хадаж байсан нутаг болох Хиагт хотноо нутаглахаар иржээ. Учир нь гамин наад талаас Ар Хиагт хүртэл түрж орсон хийгээд мөн чанахад Оросын дотор хулгай дээрэм их болж нутагтаа байх хэцүү байжээ.
Ардын засаг үүсч засаг захиргааны байгуулалтыг өөрчлөн байгуулах үеэр Алтанбулаг хотын харьяа болон захирагдсан учраас Монголын жинхэнэ харьяат болжээ. Тэрбээр 12-23 нас хүртлээ Алтанбулаг хотод сууж энэ завсар СССР улсын Дээд Шивээнээ өвөл нь дунд сургуульд суралцаж зун нь Алтанбулагийн сайдын яамнаа тал бичээчээр ажиллаж бие даан олон зүйлийг сурч мэдэн өөрийн мэдлэг болон бичгийн боловсролоо дээшлүүлэн асар богино хугацаанд багшлах хэмжээнд хүрчээ.
Б.Ринчен 1924 онд Алтанбулагийн бага сургууль багшийн ажлыг түр хийж, баруун хойд хязгаарын хүүхэд залууст соёлын үрийг түгээж байсан юм. Улмаар авьяас билгээрээ тодрон 1925-1927 онд СССР-т д Өрнө дахины хэл бичгийн дээд сургуульд суралцан хэлний шинжлэх ухаанд хүч авьяасаа сорих үүдийг нээсэн билээ. Сургуулиа төгсч ирээд дунд сургуульд нэг сар гаруй хугацаанд "Дэлхийн байдал"-ын хичээл зааж байгаад Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон удалгүй Дуун ухааны тасгийн эрхлэгчээр дэвшин ажиллах болов.
Б.Ренчин Судар бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнаас тасгийн эрхлэгч хүртэл алба хашихдаа шинэ эргэлтийн бодлогыг талархан хүлээн авч түүнд идэвхтэй оролцон монгол хэлний хөгжил, уламжлалыг хадгалах болон өвлүүлэн үлдээх, түүний цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан шилдэг эрдэмтэн билээ. Түүний хийж бүтээсэн, зохиож туурвисан зэргийг энд тоочоод баршгүй бөгөөд бид бэлхнээ мэдэх юм. Ийнхүү Б.Ренчин шинжлэх ухааны хүрээлэнд үр бүтээлтэй тасралтгүй есөн жил ажиллан улмаар 1936 оны тавдугаар сард Улсын хэвлэлийн газрын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болжээ.
Түүнчлэн Б.Ренчинг Улсын хэвлэлийн газартаа идэвх зүтгэлтэй ажиллаж байхад нь 1937 оны 09-р сарын 10-нд Пан Монгол улсыг байгуулах япон тагнуул хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан дайчлан баривчилж улмаар хэргийг хүлээлгэжээ. Түүний 1937 оны мөрдөн байцаалтын материалыг үзвэл 1937 оны 09-р сарын 17-нд гаргасан 11 хуудас мэдүүлэг, хагас нь үгүй болсон дөрвөн хуудас мэдүүлэг, 1937 оны 12-р сарын 14-нд Б.Буянчулуунтай нүүрэлдүүлсэн мэдүүлгээс өөр материалгүй байна. Б.Ренчинг бүрэн бүрдэл болоогүй хилс хэрэгт нь 1939 оны 04-р сарын 04-нд ДЯЯ-ны дэргэдэх ОБЭК-оос буудан алах ял шийтгэсэн боловч тусгай комисс татан буугдаж тогтоол биелээгүй буюу мөрдөж дуусаагүй хэргийг шинээр шалгах болж, Б.Ренчинг мөрдөн байцаах хэлтэст шилжүүлжээ.
Ийнхүү Б.Ренчин 1940 оны 11-р сарын 10-наас дахин мөрдөгдөж анхдугаар мэдүүлэгтээ хэрэг үйлдээгүй болохоо батлан мэдүүлж хоёр дугаар мэдүүлэгтээ: "1937 оны 12-р сард өдөр шөнөгүй, нойр хоолгүй хатуу ширүүн мөрдөн байцаалтад орж тэсвэрлэх аргагүй болсон учир хуулийн газраас тулган байцаасан ёсоор дүрсгүй их хэрэг мэдүүлж хатуу байцаалтаас салсан. Одоо харин хуулиас шалгах байх хэмээн бодож хүлээж сууна. Иймээс үнэн хийгээгүй хэргийг хүлээсэн болох дээрээс цааш мэдүүлэх зүйл огт үгүй" гэсэн атлаа 5-р мэдүүлэгтээ "1927 оны 10-р сард Цэвээн Жамсранноровоор элсэгдсэн" гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ. Ямартай ч болов ертөнцөд ус уух хувь тавилан ивээсэн түүнийг 1941 оны 12-р сарын 31-нд ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 17-р хурлаар ШЦБ-ийн тусгай ангийн 43, 44, 45 дугаар зүйлийг баримтлан 10 жил засан хүмүүжүүлэх лагерьт хорихоор шийтгэжээ.
ДЯЯ-ны Аюулаас хамгаалах газрын дарга гуравдугаар комиссар Б.Дуйнхоржав, Засан хүмүүжүүлэх лагериудын удирдах газрын дарга улстөрийн удирдагч Жамъяндоной нар үйлдэж, ДЯЯ-ны сайд хоёрдугаар комиссар Шагдаржав, Улсын прокурор Банзрагч нарын баталсан он сар өдөргүй нэгэн бичиг тогтоолд "Бямбаев Ренчин бол урьд үйлдэж байсан гэмт хэргээ жигшин гэмшсэн байдлаас ба эл хүний эрдмийг авч үзвэл Монголын ард түмэн нь өөрийн соёл боловсролыг хөгжүүлэх явдалд хэрэглэж болох хийгээд тэрчлэн БНМАУ-ын Ерөнхий сайд улсын шалгарсан баатар маршал Чойбалсан ба Намын төв хорооны нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбал нарын ам заавар ёсоор Бямбаев Ренчинд ногдуулсан хатуу хяналтаар хорих ялыг өөрчлөн тэнсэн харгалзах болгож ДЯЯ-ны хяналтын дор тус Улаанбаатар хотноо суулгаж уг ялыг нь эдлүүлэхэд болмоор мэт байна. Хэрэв Бямбаев Ренчингийн бие өөрийн ахуйн байдал дээр үнэнч биш сэжиглэл гаргах буюу хувьсгалын эсэргүү ажлаа цаашид үргэлжлүүлэх аваас түүний биеийг шууд дайчлан хоривол зохино” гэж бичсэн байна. Бямбаев Ренчин нь 1956 оны 05 дугаар сарын 16-нд Намын төв хорооны комисст гэсэн 23 хуудастай өргөдөл бичиж цагаатгаж өгөхийг хүссэний үндсэн дээр хэргийг нь шалгаж 1963 оны 04-р сарын 05-нд УДШ-ийн бүгд хурлын 05 дугаар тогтоолоор уг хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна. Ийнхүү учир битүүлэг шалтгаанаар үхэх ялд унаж, их хувь заяагаар амь мултарсан ч бие сэтгэлийн гашуун зовлонг эдэлж, тамын тогоонд таван жилийг өнгөрүүлсэн бичгийн их хүмүүн Бямбын Ренчингийн хийж бүтээсэн, хэлж сургасан, үйл бүхнийг бид хэзээ ч мартах учиргүй юм.
No comments:
Post a Comment