бямбын ринчен

бямбын ринчен

2011/11/29

Бямбын Ринчений хэлмэгдсэн түүх

эх сурвалж: "Тэнгэрлэг эх орон тандаа мөргөмү" блог
 http://h-turuu.blogspot.com/2009/02/1905.html

"Билгүүн номч" хэмээн олноо алдаршин их хүмүүн Бямбын Ренчин бээр 1905 онд Ага буриадын нутагт төржээ. Улмаар 1919 онд Монголд аж төрөхөөр /авга ах/ үрчилж авсан эцэг Содов болон эмэг эх, авга эгч, хоёр дүүгийн хамтаар ирсэн билээ. Эцэг Содов нь автономитыг байгуулсны дараа сүмийн дэргэд нэг бяцхан газрыг түрээсээр авч нутаг буцсан боловч 1919 онд нутагтаа амьдрах боломжгүй болж дүрвэн хуучин өвс хадлан хадаж байсан нутаг болох Хиагт хотноо нутаглахаар иржээ. Учир нь гамин наад талаас Ар Хиагт хүртэл түрж орсон хийгээд мөн чанахад Оросын дотор хулгай дээрэм их болж нутагтаа байх хэцүү байжээ.

Ардын засаг үүсч засаг захиргааны байгуулалтыг өөрчлөн байгуулах үеэр Алтанбулаг хотын харьяа болон захирагдсан учраас Монголын жинхэнэ харьяат болжээ. Тэрбээр 12-23 нас хүртлээ Алтанбулаг хотод сууж энэ завсар СССР улсын Дээд Шивээнээ өвөл нь дунд сургуульд суралцаж зун нь Алтанбулагийн сайдын яамнаа тал бичээчээр ажиллаж бие даан олон зүйлийг сурч мэдэн өөрийн мэдлэг болон бичгийн боловсролоо дээшлүүлэн асар богино хугацаанд багшлах хэмжээнд хүрчээ.

Б.Ринчен 1924 онд Алтанбулагийн бага сургууль багшийн ажлыг түр хийж, баруун хойд хязгаарын хүүхэд залууст соёлын үрийг түгээж байсан юм. Улмаар авьяас билгээрээ тодрон 1925-1927 онд СССР-т д Өрнө дахины хэл бичгийн дээд сургуульд суралцан хэлний шинжлэх ухаанд хүч авьяасаа сорих үүдийг нээсэн билээ. Сургуулиа төгсч ирээд дунд сургуульд нэг сар гаруй хугацаанд "Дэлхийн байдал"-ын хичээл зааж байгаад Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдон удалгүй Дуун ухааны тасгийн эрхлэгчээр дэвшин ажиллах болов.

Б.Ренчин Судар бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтнаас тасгийн эрхлэгч хүртэл алба хашихдаа шинэ эргэлтийн бодлогыг талархан хүлээн авч түүнд идэвхтэй оролцон монгол хэлний хөгжил, уламжлалыг хадгалах болон өвлүүлэн үлдээх, түүний цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх, улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан шилдэг эрдэмтэн билээ. Түүний хийж бүтээсэн, зохиож туурвисан зэргийг энд тоочоод баршгүй бөгөөд бид бэлхнээ мэдэх юм. Ийнхүү Б.Ренчин шинжлэх ухааны хүрээлэнд үр бүтээлтэй тасралтгүй есөн жил ажиллан улмаар 1936 оны тавдугаар сард Улсын хэвлэлийн газрын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болжээ.

Түүнчлэн Б.Ренчинг Улсын хэвлэлийн газартаа идэвх зүтгэлтэй ажиллаж байхад нь 1937 оны 09-р сарын 10-нд Пан Монгол улсыг байгуулах япон тагнуул хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан дайчлан баривчилж улмаар хэргийг хүлээлгэжээ. Түүний 1937 оны мөрдөн байцаалтын материалыг үзвэл 1937 оны 09-р сарын 17-нд гаргасан 11 хуудас мэдүүлэг, хагас нь үгүй болсон дөрвөн хуудас мэдүүлэг, 1937 оны 12-р сарын 14-нд Б.Буянчулуунтай нүүрэлдүүлсэн мэдүүлгээс өөр материалгүй байна. Б.Ренчинг бүрэн бүрдэл болоогүй хилс хэрэгт нь 1939 оны 04-р сарын 04-нд ДЯЯ-ны дэргэдэх ОБЭК-оос буудан алах ял шийтгэсэн боловч тусгай комисс татан буугдаж тогтоол биелээгүй буюу мөрдөж дуусаагүй хэргийг шинээр шалгах болж, Б.Ренчинг мөрдөн байцаах хэлтэст шилжүүлжээ.

Ийнхүү Б.Ренчин 1940 оны 11-р сарын 10-наас дахин мөрдөгдөж анхдугаар мэдүүлэгтээ хэрэг үйлдээгүй болохоо батлан мэдүүлж хоёр дугаар мэдүүлэгтээ: "1937 оны 12-р сард өдөр шөнөгүй, нойр хоолгүй хатуу ширүүн мөрдөн байцаалтад орж тэсвэрлэх аргагүй болсон учир хуулийн газраас тулган байцаасан ёсоор дүрсгүй их хэрэг мэдүүлж хатуу байцаалтаас салсан. Одоо харин хуулиас шалгах байх хэмээн бодож хүлээж сууна. Иймээс үнэн хийгээгүй хэргийг хүлээсэн болох дээрээс цааш мэдүүлэх зүйл огт үгүй" гэсэн атлаа 5-р мэдүүлэгтээ "1927 оны 10-р сард Цэвээн Жамсранноровоор элсэгдсэн" гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ. Ямартай ч болов ертөнцөд ус уух хувь тавилан ивээсэн түүнийг 1941 оны 12-р сарын 31-нд ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 17-р хурлаар ШЦБ-ийн тусгай ангийн 43, 44, 45 дугаар зүйлийг баримтлан 10 жил засан хүмүүжүүлэх лагерьт хорихоор шийтгэжээ.

ДЯЯ-ны Аюулаас хамгаалах газрын дарга гуравдугаар комиссар Б.Дуйнхоржав, Засан хүмүүжүүлэх лагериудын удирдах газрын дарга улстөрийн удирдагч Жамъяндоной нар үйлдэж, ДЯЯ-ны сайд хоёрдугаар комиссар Шагдаржав, Улсын прокурор Банзрагч нарын баталсан он сар өдөргүй нэгэн бичиг тогтоолд "Бямбаев Ренчин бол урьд үйлдэж байсан гэмт хэргээ жигшин гэмшсэн байдлаас ба эл хүний эрдмийг авч үзвэл Монголын ард түмэн нь өөрийн соёл боловсролыг хөгжүүлэх явдалд хэрэглэж болох хийгээд тэрчлэн БНМАУ-ын Ерөнхий сайд улсын шалгарсан баатар маршал Чойбалсан ба Намын төв хорооны нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбал нарын ам заавар ёсоор Бямбаев Ренчинд ногдуулсан хатуу хяналтаар хорих ялыг өөрчлөн тэнсэн харгалзах болгож ДЯЯ-ны хяналтын дор тус Улаанбаатар хотноо суулгаж уг ялыг нь эдлүүлэхэд болмоор мэт байна. Хэрэв Бямбаев Ренчингийн бие өөрийн ахуйн байдал дээр үнэнч биш сэжиглэл гаргах буюу хувьсгалын эсэргүү ажлаа цаашид үргэлжлүүлэх аваас түүний биеийг шууд дайчлан хоривол зохино” гэж бичсэн байна. Бямбаев Ренчин нь 1956 оны 05 дугаар сарын 16-нд Намын төв хорооны комисст гэсэн 23 хуудастай өргөдөл бичиж цагаатгаж өгөхийг хүссэний үндсэн дээр хэргийг нь шалгаж 1963 оны 04-р сарын 05-нд УДШ-ийн бүгд хурлын 05 дугаар тогтоолоор уг хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна. Ийнхүү учир битүүлэг шалтгаанаар үхэх ялд унаж, их хувь заяагаар амь мултарсан ч бие сэтгэлийн гашуун зовлонг эдэлж, тамын тогоонд таван жилийг өнгөрүүлсэн бичгийн их хүмүүн Бямбын Ренчингийн хийж бүтээсэн, хэлж сургасан, үйл бүхнийг бид хэзээ ч мартах учиргүй юм.

2011/11/24

Еншөөбү овогт Бямбын Ринчен

Byambyn Rinchen.jpg
ТөрсөнРинчен
1905 он
Хиагт
Нас барсан1977
Улаанбаатар
МэргэжилMонголч эрдэмтэн, Xэлбичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч
Иргэний харъяалалМонгол улс
БоловсролДээд
ТөрөлКино зохиол, Өгүүллэг, Роман, Тууж, Шүлэг
ШагналуудМонгол улсын төрийн шагнал
Еншөөбү овогт Бямбын Ринчен нь Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн байв.

 

Намтар

Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ. Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" ,"Ану Хатан" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ. Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Хэлсэн үгнүүд

  • Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ

  • Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт

  • Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай

  • Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргид яаж үздэг хамаатай

2011/11/23

Б.Ренчиний хөрөг зургийн түүх




Б.Ринчений хөрөг зургийн түүх

“Эрт орой
Жанжин Сүхийн талбай тууш
Ринчен гуайн
Алхаж байх нь андашгүйсэн
Элбэг хүрэн дээлийнхээ
Ханцуй хормойг намируулан
Эрхэмсэг буурал үс
Соёо сахлаа хийсгэн явах нь бараатайсан”  гэж  төрийн шагналт зохиолч С.Дашдооров шүлэглэсэн байдаг. Сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа хэвлэгдэж, хүн бүхний танил болсон Ринчен гуайн энэ хөргийг фото сэтгүүлч Р.Гомбожав авчээ. Гэрэл зургийн нэрт мастер Р.Гомбожав агсантай би эртний танил. Аливаа хүнийг албан тушаал, зэрэг цол, алдар хүндээр нь ялгаварлан харьцахыг цээрлэдэг нийтэч зантай энэ эрхэмтэй нөхөрлөж явсандаа бахархдаг юм. Насны ялгааг умартан найзархаж явахдаа Монгол оронд гэрэл зураг үүсэж хөгжсөн  үүх түүхийн талаар мэргэн ахаасаа дуулж сонссон минь арвин. Гэр орноор нь орж гарч явахад томоор угаан жаазалж өлгөсөн энэ гэрэл зураг хойморт нь залран байдагсан. Нэгэн удаа хэрэг болгож асуулаа.

-Та Ринчен гуайн энэ зургийг хэдэн онд хаана авсан юм бэ?  
-1973 оны найман сард авсан зураг. Зохиолчдын хороон дээр нэг хурал ч билүү цуглаан ч билүү болоод тарж явах замд нь  гудамжинд дарсан юм. Би ер нь өвгөний зургийг олон удаа авсан даа. 1971 онд “Правда” сониноос гэрэл зургийн уралдаан зарлахад “Академич Б.Ринчен” зургаараа оролцож диплом хүртэл хүртэж байлаа шүү дээ. Өвгөн өөрөө “Йөншөөбүү овогт” гэж бичээрэй гэснийх нь дагуу тайлбараа тэгж бичсэн. Тэр дугаар нь надад бий. Би чамд үзүүлье гээд  1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Правда” сонины /№322/ “Фотоконкурс Правда-71”-буланд нийтлэгдсэн Ринчен гуай зураг үзүүлэв. Ринчен гуай гартаа тамхи барин ном уншиж суух агаад ард нь номын сан урдах ширээн дээр нь цаас байх ажээ.

-Өөр ямар ямар сонин хэвлэлд  Ринчен гуайн зургийг авч тавьж байв?
-“Монголын залуучууд”, “Новости Монголии”, “Утга зохиол урлаг” зэрэг бараг сонин болгонд авч тавьсандаа. Энэ бас байна гээд нэгэн сонин өгснийг үзвэл 1973 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонины №25 дугаарт  “БНМАУ-ын төрийн шагналт зохиолч, академич, доктор Б.Ринчений тухай гэрэл зургийн  найруулал”  гээд  гурван  гэрэл зураг тавьжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ:

“…Би өвгөнийхөөр олон  очсон. Авгайгаа та гэж дууддагсан. Намайг ч бас л та гэнэ. Сонин хүн шүү. Тэр их хүний үнэт цагаас нь мөн ч их хороосон доо. Орохоор бичгийн өрөөндөө урина. Авгайдаа Гомбожав гуайд цай гэнэ. Тэгээд цай өгч багвартай чихэр тавина. Тэнд нь үзэм, ёотон, өнгө өнгийн чихэр байдагсан. Би харин тэднийд хоол идэж үзээгүй. Нэг муу консул гэж бичгийн машинтай. Бид хоёр элдэв л юм ярьж байсан. Нэг удаа надад есөн үеийн тухай тайлбарлан өгч билээ. Та овгоо мэд гэж сургасан. Тэр тухай ярьж зурж үзүүлсэн ноорог нь надад бий гээд нэгэн цаас гаргаж үзүүлэв. “1974 оны 11 сарын 11-нд Ринчен багш есөн үеийн тухай ярьж зурсан ноорог” гэж түүн дээр бичжээ. Овоо яагаад тахидаг болсон юм бэ гэдэг чинь есөн үетэй холбоотой гэж надад хэлсэн. Овог болгоны тахидаг овоо гэж өөр өөр байсан. Тэгээд хүн овгоо мэдэхгүйгээс болж цус ойртож байна гэдгийг надад хэлж тайлбарласан.

…Нэг удаа хоёулаа хамтарч Гандангийн тухай өнгөт зурагтай ном бичээд Германд хэвлүүлье. Та шагналаа очоод авсан ч болно. Банкаар гуйвуулаад авсан ч болно гэсэн. Би дотроо дуртай л байсан. Зохиолч Ч.Чимид ахад хэлсэн чинь “Цаадах чинь Монголд байтугай дэлхийд нэртэй хүн. Хийж чадна. Элдэв юм тохиолдоход яах ч үгүй гарч дөнгөнө. Харин чамайг засаг төр элдвээр оролдвол чи яах юм бэ. Чи юу юм бэ? Хирээ мэд” гэж загнахаар нь нээрээ ч тийм юм уу гэж бодоод больсон. Одоо бодоход би хийдэг л байсан юм. Харамсаж явдаг даа, ах нь”   гэж билээ.  

Р.Гомбожав гуай бол ХХ зууны Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн хөргийг гэрэл зурагт мөнхөлсөн гавьяатай хүн. Тэрээр “Гэрэл зураг мөнх үлдэнэ. Амьдрал минь түүнд түүх болон үлдэнэ” гэж хэлдэг байсан. Өнөөдөр  тэрээр бидний дунд байхгүй ч гэлээ бүтээл туурвилаараа өөртөө хөшөө босгож чадсаны  баталгаа нь билгүүн номч Б.Ринчен гуайн дээрх гэрэл зураг ажээ.

www.inet.mn  веб сайтаас авч ашиглав.