бямбын ринчен

бямбын ринчен

2012/02/27

Гудайж гутраагүй буурал

эх сурвалж: http://www.mongolcc.org/index.php?option=com_content&view=article&id=119:--&catid=15:linguistics

Даваа, 14-12-2009 08:49

Билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсний 85 жилийн ойд зориулан одоогоос хориод жилийн өмнө утга зохиол судлаач Ц.Хасбаатар гуайн бичиж асан дурсамжийг та бүхэнд толилуулж байна. Өдгөө энэхүү дурсамжийг бичсэн зохиогч ч бурханы оронд заларчээ.
Мэндэлсний нь 85 жилийн ойд

Хүний ой гэдэг тун хэврэгхэн солонго зэрэглээ мэт сонин үзэгдэл юм. Цагийн эрхээр өнгөсөн явдал сүлжилдэж хутгалдах нь буй. Андуурах, будилах, самуурах нь ч наад захын хэрэг. Ор тас мартагдах нь ч их. Зарим үйл явдал нүдэнд тов тодхон харагдах атлаа зарим нь бүр түүрхэн жирэлзэнэ. Аливаа дуртгалд болгоомжтой хандах хэрэгтэй гэлцдэг нь түмэн зөв. Тиймээс ч дурсамж бичсэн хүн андуу ташаа зүйл орсон байх вий гэж болгоомжлон, уншигч олноос уучлал гуйдаг байх. Би ч гэсэн уншигчдаас уучлал эрэн байж Ринчен гуайн тухай санаанд үлдсэн дурсамжаа товчхон бичье гэж бодлоо.

Ринчен гуайг би 1942 оны зун анх харж билээ. Туул голын хөвөөнд УУ булан хэмээх газар пионерын зуслан байгуулагдаад биднийг амарч байхад нээх ёслол нь болж Маршал Чойбалсан, Цэдэнбал, Янжмаа зэрэг нам засгийн удирдагчид очиж билээ. Тэгэхэд Ринчен гуай бас очсон. “Үнэн” сонинд ажиллаж байсан байх. Туг өргөлцөөд өндөр модон индэр дээрээс овог нэрийг минь асууж тэмдэглэж авсан санагдана.

Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн ангид сурч байхдаа тавин хоёр оны зун би нутагтаа ирж “Үнэн” сонины газар дадлага хийсэн юм. Тэр үед Ринчен гуай, Раднаа гуай хоёр “Үнэн” сонины орос хэлний редакцид ажиллаж байлаа. Тэр хоёр монголоос орос руу орчуулга хийнэ. Ринчен гуайн дэргэд хэд хоног ажилласан минь надад их л аз завшаантай хэрэг болсон. Ажилд минь тусална, зааж зөвлөнө, сонин хачин юм ярина. Тэр үед сонссон, дуулсан зарим зүйл санаанд үлджээ. Нэг хүн Ринчен гуайд дэнлүү гэдэг чинь хятад үг байна. Фонарь гэвэл яасан юм бэ гэж хэлжээ. Ринчен гуай: “арван тавны сар нь агаар тэнгэртээ фонарь даа, арван тавтай Шожу нь аав ээждээ фонарь даа” гэж дуулах болж байна уу?” гэж хариулжээ.

“Семейственность” гэдэг үг ямар утгатай вэ? гэж нэг хүнийг асуухад “толгой хагарсан ч малгайдаа тохой хугарсан ч ханцуйндаа “ гэсэн нэг утга байж болох юм биш үү гэж хариулсан байдаг. Намайг хэвлэх үйлдвэрт ажиллаж байхад ахмад нөхөд Ринчен гуайн тухай их хуучилдаг сан. Дөчин хэдэн онд Ринчен гуай хэвлэх үйлдвэрийг шүүмжлээд “зуун ямаанд жаран ухна” гэдэг шог найруулал “Үнэн” сонинд бичжээ. Их олон даргатай байсан учир тийнхүү бичжээ. Тэгсэн чинь удалгүй өөрийг нь хэвлэх үйлдвэрийн даргаар тавьчихжээ. Тэгэхэд нь хэвлэх үйлдвэрийнхэн жаран ухны оронд ганц том ухна ирлээ гэж наргиа болгон ярилцаж байсан гэдэг.

Дайны үед хууль ч чанга байж Ринчен гуай ажлын цагийг өөрөө бүртгэдэг, ажил таслагчдыг шийтгэдэг, хөөдөг шүүхэд шилжүүлдэг ширүүн дарга байсан гэж ярилцдаг сан. Намайг улсын хэвлэлд ажиллаж байхад Ринчен гуай хааяа мөнгө цохиулахаар орж ирнэ. Сонин юм ярина, тамхи татна. Тамхи татангууд “можно подстрелить” гээд миний тамхинаас татна. Тамхи л бол тамхи. Голно шилнэ гэж байхгүй. Бөө мөргөлийн тухай, алмасны тухай тун сонин юм ярьдаг сан. Ринчен гуай бол ном сонин орчуулж сурахад минь зааж зөвлөж бас урам хайрлаж байсан номын багш, ачтан түшигтэй хүн байсан юм. Зохиолчдын 2-р их хуралд тавьсан илтгэлдээ Ч.Чимэд бид хоёрын тухай баярламаар сайхан үг хэлж байж билээ.

Ринчен гуай хүнийг дээр доор хөгшин залуу, эрдэмтэй эрдэмгүй гэж ялгадаггүй, хэнтэй ч гэсэн ярих, маргах дуртай байсан билээ. Хүн бүхнийг, өөрөөсөө олон дүү хүнийг ч “та” гэж хүндэтгэнэ. Юм асуухад уриалгахан хариулж өгнө. Ихэрхэж ундууцах, дургүйлхэж байхыг нь би үзээгүй. Орчуулагчид бид байн байн утасдаж орчуулж дийлэхгүй үг өгүүлбэрээ залхтал нь асууж мөн ч их цагийг нь үрсэн дээ.

Бидний хэдийд ч гэсэн утасдаж байдаг найдвартай үйлчилгээтэй “лавлах товчоо” байж билээ. “Шагающий экскаватор” гэдэг үг анх нэвтэрч байх үед бид Ринчен гуайг “большая шагающая энциклопедия” гэж хоорондоо ярилцдаг байсан. Үнэхээр ч олон талын мэдлэгтэй хүн байсан. Улс төр, гүн ухаан, түүх, түмэн бодис, уран зохиол, шашин, техникийн салбарын ямар ч үг асуусан орчуулан хэлж өгөхийг л хичээнэ. Заримдаа “та утасаа тавилгүй жаахан хүлээгээрэй” гэнэ. Тэгээд өрнө дорны олон хэлний толь үзээд энэ үгийг чинь ингэж орчуулбал дүйх болов уу гэж хэлнэ.

Тавин хэдэн онд Чехийн сэтгүүлч Ян Яну (Би түүнд үйлчилж байсан юм) монголч эрдэмтэн Поуха хоёрыг нутаг буцахад “Алтай” зочид буудалд дайллага хийж билээ. Тэр дайллага дээр Ринчен гуай: “Миний багш академич Владимирцов малчин ардын утаатай бор гэрт хонож үзээгүй хүн жинхэнэ монголч эрдэмтэн болж чадахгүй гэж хэлдэг сэн. Эрдэмтэн Поуха надтай хамт монгол орноор олон мянган километр аялж малчин ардын маань гэрт хонож ном судар, ахуй байдалтай нь танилцлаа...” гэж хэлж байсныг санаж байна. Поуха Ринчен гуай шиг аяархан нам дуутай, шогч маягийн нүдэнд дулаахан өвгөн байжээ. Налайхын уурхай үзэхээр Ян яну бид хоёртой хамт явсан юм. Тэнд Поуха гуай монголоор ер ярьдаггүй байснаа “би монгол морь хармаар байна” гэж надад монголоор хэлж билээ. Ринчен гуай хэлж өгсөн байх.

Жаран хэдэн онд Ринчен гуай барууны оронд явах замдаа Москвад буухад нь онгоцны буудалд очиж уузлаа. Ринчен гуай хүрэн дээл өмсч мөнгөн товруутай суран бүс бүсэлжээ. Ачаагаа авах болсон чинь чемоданых нь цоож эвдэрчихсэн байлаа. Онгоцны буудлын үйлчлэгч нарт “онгоцонд өгөхөд бүтэн л байсан юм даа” гэж гомдол нэхээд салдаггүй. Буурал урт үс, гоё сахалтай хачин хувцастай унждаг өмдтэй дорно зүгийн сүрлэг өвгөн оросоор дуржигнатал ярьж байхыг ойр тойрны зорчигчид их л сонирхон харж байлаа. Нэг хүн “энэ өвгөн лав галзуу хүрсэн байх” гэж хэлж байж билээ.

Ринчен гуайтай дайллага цайллага дээр олон удаа тааралдсан. Жаран насны ойгоор гэрт нь очсон. Хөлчүүртлээ ууж байхыг нь ер үзээгүй. Тавиад оны эхээр Д. Сэнгээ “даруулга хэрэгтэй “ шүлэгтээ “ёс дэглэмгүй , онгиргон сагсуу , танхайрч явдаг, өмхөрсөн феодализмын лаг шавраас өрөөсөн хөлөө сугалж чадаагүй” гэх зэргээр Ринчен гуайг дайрч доромжилсон. Арай хожуу нэг хурал дээр “Ринчен бол национализмын шар аалз мөн”... “шүлсэндээ залуучуудыг орооцолдуулж байна...” гэж нэг эрдэмтэн шүүмжилсэн гэсэн .(тэр залуучуудын дотор миний нэр ч орж байсан сурагтай ).

Тавиад оны сүүлчээр Ринчен гуайн эсрэг айхтар компани өрнөлөө. “Үнэн” сонинд “Бидний эгнээнд хөрөнгөтний үзэлтэнд байр байхгүй”, “Үндэсний явцуу үзлийн элдвийн илрэлтэй шийдвэртэй тэмцье. “(Зохиолч Ж.Пүрэв, Ш.Нацагдорж нарын зэрэг 5 хүн), “Хөдөлмөр” сонинд “Бид аргадахгүй” гэсэн нэртэй өгүүллүүд нийтлэгдлээ. “Үнэн” сонинд Ринчен уулаасаа жижиг хөрөнгөтний үндэсний явцуу үзэлтэй, хувьсгалын үзэл хүмүүжлийг шингээж аваагүй хүн гэж бичсэн байлаа. “Хөрөнгөтний онгиргон сагсуу дээрэнгүй зан авираа татвал таарна, тийм этгээд бидэнд хэрэггүй, үзэл санаагаа засвал зол, эс засвал бид аргадахгүй” гэж “Хөдөлмөр” сонинд бичиж байлаа. “Бид аргадахгүй” гэсэн тэр өгүүлэлд бас Б.Ринченгийн номыг редакторлаж гаргасан Ц.Хасбаатар, Д.Тарваа, М.Дарамванчиг нарыг “хөдөлмөрчин түмний социалист ухамсрыг хордуулах” хор найруулж байсан… гэсэн үг бий. Одоо уншихад гучин хэдэн оны улс төрийн хэрэгтний ялын төлөвлөгөө шиг л санагдаж байна. Сэтгэлд жавар хургам үг мөн ч олон дуулсан даа.

Тэр үед иймэрхүү юм бичиж, бичүүлж, хянаж, баталж хэвлүүлж байсан хүмүүс одоо шал ондоо болчихсон зарим нь Б.Ринчений уран бүтээлийн тухай томхон хөрөг бичиж байна. Б.Ринчен бол Монголын соёлд үнэнхүү хайртай, ихийг мэддэг зохиолч байсан гэж бичжээ. Үүнийг би “баг зүүж өөрчлөн байгуулалтын төлөө тэмцэгчийн дүрд жүжиглэж байна” гэж үзэхгүй. Өөрчлөн байгуулалтыг өөрөөсөө эхэлж байна л гэж үзнэ. Буруу гэсэн юм зөв болдог. Хараалгасан хүн ерөөлгөх учир ч бий. Ерөөлгөсөн хүн хараалгах ч учир бий. Жамтай юм жамаараа л явж байна. Ринчен гуайд шүүмжлүүлж байсан зохиолч, шүүмжлэгч, судлаач, орчуулагчид тэр үед хариугаа авахаар мөн ч их “онгодтой” хөдөлцгөөсөн дөө. Үг хэлэх хариутай. өөд гарах уруутай гэдэг Моцарт (авьяастай), Сальери (авьяасгүй) зөрчилдөөн ямагт байсан, хойшид ч үргэлжилсээр байх болно.

Монголч эрдэмтдийн анхдугаар их хуралд (1959) Ринчен гуайн зөвлөснөөр илтгэл тавих юм боллоо. Тэр үед би улсын хэвлэлийн газрын ерөнхий редактораар ажиллаж байлаа. Эрдэм шинжилгээний ажил огт хийж үзээгүй, уран зохиол сонирхохоос цаашгүй нэгэн байлаа. “Уран зохиолын төрөл зүйл” гэсэн нэг өгүүлэл бичсэн чинь Ринчен гуай үзээд болмоор байна гэсэн юм. Гэтэл нэг өдөр хуралд бэлтгэх комисын дарга утасдаад “Илтгэл чинь шаардлага хангаагүй байна” гэж хэллээ. Би эрдэм шинжилгээний ажлаас хол хөндий байсан болохоор нэг их юм бодсон ч үгүй. Харин хожим нь санахад тэр үед Ринчен гуайн эсрэг компани өрнөж “хань хамсаатны” нь гадуурхаж байсан явдал нөлөөлсөн ч байж магадгүй. Тэр илтгэл бүтэлгүй болсон ч гэсэн уран зохиолын судлалаар оролдох анхны минь алхам болсон юм. Хэрэв эсэргүүцэлтэй тулгараагүй бол уран зохиол судлах сонирхол минь өрнөлгүй тэр илтгэлээр төгсгөл болох ч байсан юм билүү.

Жаран хэдэн онд Монголын тухай тусгай дугаар гаргахаар Францаас гурван сэтгүүлч ирэхэд би бараа болж явсан юм. Тэд Ринчен гуайтай уулзаж билээ. Хэд хоногийн дараа Ринчен гуай нэг бичиг надад өгөөд “тэр сэтгүүлчдэд дамжуулна уу. Нутагтаа очоод Монголын тухай элдвийн муу юм бичих вий гэж бодоод битүү анхааруулах санаатай монгол ардын нэг үлгэрийг францаар бичлээ. Санаа авах байх “ гэж хэлж билээ. Удалгүй Францаас Монголд зориулсан дугаараа ирүүллээ. Ринчен гуайтай ярьсан ярилцлагыг зурагтай нь (тал талаас нь авсан арваад зураг) тэр дугаартаа нийтэлсэн байсан. Уг сэтгүүлийг бидэнд олон хувь ирүүлсэн. Гэвч (тэр үед Ринчен гуай хавчигдаж дарагдаж байснаас ч болсон юм уу) тараахыг зөвшөөрөөгүй.

Жаран хэдэн онд Ринчен гуайн ном зохиолыг хэлэлцэх хурал Улсын номын сангийн 306 дугаар танхимд болсныг санаж байна.Ринчен гуай өөрөө ирээгүй. Мөн ч ширүүн шүүмжилцгээсэн дээ. Нэг хүн номыг нь редакторлаж гаргасан хүмүүсийг (тэдний дотор миний нэр орсон) шүүхэд шилжүүлж, Ринчений номнуудыг хураахыг шаардаж байсан. Тэр хурлын санал шүүмжлэлийг тэмдэглэж авсан эсэхийг би мэдэхгүй. Жаран хэдэн онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо Их тэнгэрийн аманд зохиолчдыг хүлээн авч уулзахад Цэдэнбал дарга Ринчен гуай руу хуруугаараа заагаад “энэ Ринчен намайг толгойгоороо биш” гэснээ ар доогуураа заасхийгээд “үүгээрээ боддог гэж хэлсэн” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. ЗХУКН-ын 10-р их хурлын дараа “урин цаг” эхэлсэн үе байсан болоод ч тэр үү, ер нь тэр уулзалт тун илэн далангүй байдалд болсон юм даг.

Ринчен гуай монголчуудын түүхийг чулуун зэвсгийн үеэс аваад 20-р зууны дунд үе хүртэл уран зохиолын аргаар бичиж үлдээх төлөвлөгөөтэй байсан. Түүнээс нилээдийг бичиж хэвлүүлсэн. “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Гүнж”, “Цогт тайж”, “Сандо амбан”, “Үүрийн туяа”… (Чингисийн тухай роман бичих бодолтой байгаа гэж ярьдаг сан. Бичсэн эсэхийг мэдэхгүй). Тэр үеийн үзэл суртлын амьсгал ч хэцүүхэн байсан даа. Хэл шинжлэл, гүн ухаан, улс төр, уран зохиолын орчуулга, орчуулгын онол, угсаатны зүй, урлагийн түүх, сэтгүүл зүй, нийтлэл, шог найруулал, тэмдэглэл, сурвалжлага… гэх мэтчилэн олон салбарт хүч нь тарамддаг байсан болохоор төлөвлөсөн зарим зүйлээ тухайлбал Чингисийн тухай зохиолоо бичиж амжаагүй ч байж болно.

Ринчен гуай гарынхаа сарвууны дээрх том сорвийг үзүүлээд “шоронд гавлуулж тамлуулж байсны үлдэгдэл” гэж хэлдэг сэн. “Мөрдөнд байцаагдаж байхад минь Качиков гэгч сургагч орж ирээд намайг байцааж байсан хүнд танай аавыг хэргээ хүлээсэн гэж хэлж байсан” гэж Ринчен гуай миний ахад ярьсан байна билээ. Миний аав намын сургуулийн багш Цэвэгжав 1937 онд баривчлагдаад мөрдөнд байхад нь Ринчен гуай бас тэнд хоригдож байжээ. Миний аав амь эрсдэж жараад онд цагаадсан, саявтар намын гишүүний нь сэргээсэн.

Нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн таван жилийн ойн хурал дээр Ринчен гуай хорин хэдэн онд тус сургуулийн захирлаар томилогдож ирээд миний ааваас ажлаа хүлээж авсан гэж ярьж байсан. Хэл зохиолын хүрээлэнгийн зэрэг цол олгох эрдмийн зөвлөлийн нэг хурал дээр Ринчен гуай “Зэрэг горилогчийн бүтээлийг хөнгөн хуудам, ёс төдий хэлэлцэж байна. Дараа нь болох дайллага цайллагыг л бодохоос биш уг ажлын чанарыг буурь суурьтай шүүмжлэн хэлэлцэхгүй байна” гэсэн утгатай үг хэлж байсныг санаж байна. Намайг гэрээр нь нэг ороход Ринчен гуай “Хятад хэл үзэж байна. Энэ таван жилд Мао Зе дуны зохиолоос унших санаатай гэж ярьж билээ. Бичгийн ширээн дээр нь яаж хэрэгтэй юм гэмээр эмх замбараагүй ном судар, бичиг цаас, бас латин, орос үсэгтэй бичгийн хоёр машин байдаг сан.

Ринчен гуайн тухай яриа хот хөдөөгүй түгж домог болжээ. Уржнан Завхан аймагт очиход минь тэндэхийн багш нар надад ингэж ярилаа. Ринчен гуай Чехийн эрдэмтэн Поухатай хамт тавиад оны сүүлчээр Завханд очжээ. Улиастай орох замын хажуугаар цохио хадан дээр олон хүний овог нэр, он сарыг цагаан будгаар бичсэн байхыг хараад Ринчен гуай: “Ээ харла! энд яасан олон хүн оршуулаа вэ?” гээд малгайгаа авч мэхийн ёсолсон гэнэ. Үүнийг дуулангуут сургуулийн багш сурагчид субботник хийж хадны бичээсийг арилгах гэж бөөн ажил болжээ. Бас Тосонцэнгэлд очиход нь сумын төв хог новшиндоо дарагдчихсан, энд тэндгүй овоолоостой яс харагджээ. Тэгээд Ринчен гуай Тосонцэнгэл чинь Ясанцэнгэл болчихсон байх шив” гэж хэлжээ. Сумын төвийнхөн сандарч маргааш нь бас субботник хийсэн хийж хогоо цэвэрлсэн юм гэдэг.

Ринчен гуай гэртээ юмаа бичиж суухад нь утас хангинаад, авахаар нь “Хаанах вэ? Хэн бэ? Хэдэн номер вэ?” гэж шалгаагаад амар заяа үзүүлдэггүй байжээ. Тэгээд Ринчен гуай мэргэн арга сүвэгчилжээ. Утсаа авангуут “Хүүр оршуулах газар “ гэдэг байжээ. Тэгэхэд нь цаад хүн нь “Ээ бурхан минь” гээд утсаа дор нь тавьчихдаг болсон гэлцдэг. Ринчен гуай гашуун, цэцэн үгээр ёжлох, шоглохдоо гойд авьяастай хүн байсан. Тэр нь заримдаа хэтэрдэг ч байсан болов уу. Алиа хошин, ёж, шог үгийг ойлгодог ч хүн байдаг, ойлгодоггүй ч хүн байдаг. Тэгэхээр зарим хүн зэвүүрхдэг байсныг буруушаах аргагүй. Их сургуульд багшилж байхдаа Ринчен гуайн нэг оюутан (дарга хүний эхнэр) хичээлээс хоцорч ирэхэд нь “Манз чинь оройтов уу, машин чинь саатав уу, зоог чинь оройтов уу, жолооч чинь хожимдов уу” гэж хэлсэн гэдэг. Тэр үе иймэрхүү үг ямаршуу дуулдах нь ойлгомжтой шүү дээ.

Зарим хүн одоо намайг хэлмэгдэгчийн дүр үзүүлж байна гэж шүүмжилж байна. Ринчен гуайн зохиолоос болж Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоолоор сануулга авч байсан тэр үед “догматикуудыг даган баясагч “гэдгээ огт ухаараагүй байж, ухаарах ч сэхээ байаагүй намаас хөөгдөх вий л гэж айж байсан. Одоо зохиолч, шүүмжлэгчид бие биеэ “дээрэмчин”, “панзчин” гэж элдвээр харааж байна. Ринчен гуайн эсрэг ширүүн компаны үед шүүмжлэлийн пян даах “дархлалтай “ болсон минь одоо харин хэрэг болж байна. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” энэ үгийн үнэнийг Ринчен гуайн намтар бэлхнээ харуулж байнам биш үү. Ноднин нэг өвгөн: “Ринчен өөрөө шоронд хэдэн жил тамлуулснаа мартчихаад “Үүрийн туяа” романдаа Чойбалсанг магтсан” гэж надад ярьсан. Тэр нь ч үнэн. Маршал Х.Чойбалсанд ая тал засаагүй бол яах ч байсан юм билээ. Маршал Х.Чойбалсан Ринчен гуайн амийг нь хэлтрүүлсэн нь ч бас үнэн. Айж явбал аминд хэрэгтэй гэдэг л болсон байх. Хүн гэдэг хүн л шүү дээ. Үр хүүхдээ ч бодоо биз.

Хэрэв Ринчен гуайг гучин хэдэн онд цаазаар авсан бол “Цогт тайж”, “Бэр цэцэг”, “Ану хатан” ч байхгүй, Маркс, Энгельс, Мольер, Гоголь, Мицкевич, Фучикийн зохиолын олигтой орчуулга ч байхгүй, хэл шинжлэлийн үнэтэй бүтээлүүд ч байхгүй байх байсан. Ганц хүн ийм их юм хийсэн гэж бодоход тэр үед алагдсан уран бүтээлийн өдий төдий сэхээтнүүдтэй хамт монгол үндэсний суу билгийн ямар их нөөц баялаг газарт булагдаа вэ? Ямар сайхан утга уянгын цэцэгс цомирлогоо нээж амжилгүй эрэлгийн мэсний ирэнд хяргагдан унаа вэ? Харамсавч баршгүй, Монголын үндэсний соёлын олон зуун жил хуримтлагдсан аугаа их цэнэг Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн зэрэг бичгийн мэргэдийн оюун билгийг тэжээн тэтгэж, онгодыг нь сэргээж, зоригийг нь хөвчилж байсан билээ. Тиймээс ч тэд нар захиргаадан тушааж, муйхарлан тулгах арга ноёрхож байсан хэцүү үед ч санасан бодсоноосоо няцалгүй, нэр төрөө бодолгүй хүнд суртлын дарамт шахалтыг сөрж чадсан юм. Гэвч цагийн эрхийг дагаж тухайн үеэ зарим үед арга буюу өргөмжлөн магтахаас аргагүй байсан үе тэдэнд бий. Х.Чойбалсангйин ялт хэрэг сөхөгдөн илчлэгдэж байгаа өнөөгийн байр сууринаас бүр ч содон эвгүй харагдаж байгаа тэдний “нүглийг” түүх уучлах байх гэж бодож байна. Тэд нарын ноён нуруу гол чиглэл, шилдэг зохиол нь эцсийн эцэст уран бүтээлийнх нь хувь заяаг тодорхойлох учиртай.

Олон улсын уран зохиолын түүхэнд нэрт зохиолчид цагийн аясаар алдаж осолдож байсан баримт бишгүй бий. А.Пушкин Польшийн ард түмний бослогыг зэмлэн буруушааж, Ф.Достоевский харгис үзэл номлож. М.Горький сталинизмын үеийн хорих лагерийг магтаж байсан удаатай. Далан хэдэн онд би Ринчен гуайтай Сүхбаатарын талбайд дайралдсан. Царай нь их л ядрангуй байсан. Тэгэхэд “Би одоо хөгшин хонины насгүй боллоо... “Намын амьдрал” сэтгүүлд миний удам угсааг элдвээр дайрч гүтгэж бичсэн… би Брежнев, Цэдэнбал хоёрт захидал бичсэн” гэж ярьж билээ. Ринчен гуайн амьд сэрүүн байхад сүүлчийн удаа уулзаж байгаагаа тэр үед би мэдээгүй. Ринчен гуайн өөд болсны дараа Америкийн хэвлэлд “Монголын Солженицын нас барлаа” гэж бичсэн хэмээн дуулдсан.

Оршуулахад нь би Улсын номын сангийн 306 дугаар танхимд очиж салах ёс гүйцэтгэсэн. Тэр үед Ринчен гуайн нэр цээртэй хэвээрээ л байсан. Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан болохоороо дарга нар юу гэх бол гэж дотроо эмээж л явлаа. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгч л болсон. Их найрагч Алигьери Дантегийн “Зорьсон замаараа л яв. Хүн юу л гэвэл гэж байг” гэсэн мэргэн үгийг “Үүрийн туяа” романы төгсгөлд иш татсан байдаг. Энэ үг Ринчен гуайн гол чиг баримтлал байсан. Ринчен гуай зорьсон замаасаа гажилгүй, үзэл бодлоосоо няцалгүй, ерөөлд сагсайлгүй, хараалд гудайлгүй Монголоо гэсээр байгаад насан өөд болсон доо.

Ц.Хасбаатар

2012/02/26

Ховор зураг

Фэйсбүүкээс.
Уран бичээч Сүхбаатарын оруулсан зураг.


2012/01/19

Хуурамба

эх сурвалж: http://ganga-cz.blogspot.com/2007/10/blog-post_4599.html
Б.Ринчэн “Хуурамба” \Улаанбаатар хот 1990\ Цуглуулж эмхтгэсэн Г.Аким, Ц.Цэрэн, О.Хонгор Та гэдгийн учир. Нэг өдөр Ринчэн гуай эхнэр Раднаатайгаа тар түр гэсэн бололтой байхыг Даржаа гуай ажиглажээ. Тэр үед Раднаа гуай сонинд орчуулагч хийж байв. Юу болсон юм бэ гэвэл арваад настай нэг хүүхэд ороод ирэхлээр Ринчэн гуай сурснаараа -Та юу гэж явна? гэчихэж. Раднаа нь уурлаж -Чи чинь өөрийнхөө ач гуч шиг амьтныг “Та”-лаад байхдаа яадаг юм гэжээ. Ринчэн хариуд нь -Та гэхгүй яах юм. Энэ хүүхэд чинь манай төрийн тэргүүн болох хүн ч явж байгаа юм билүү. Хүүхдийг хэдий чинээ хүндэлвэл биднийгээ тэд бас төдий чинээ хүндлэх болно гээд тас зөрж байсан гэдэг.
...........................................
Эхнэртээ – Ганц үстэй дээл хийгээд байж байгаарай гэсэн гэдэг. Эхнэр нь ч бас яггүй хүн байсан байна. Сайхан үстэй дээл хийчихээд ганц үс байлгаж байснаа ганц үстэй дээлээ хийлээ гээд өгсөн гэдэг. Үстэй ганц, гэхдээ баярласандаа ганц үстэй гэснийг эхнэр нь цаашлуулж байсан яриа байдаг. Ухаант хүний гэргий тэр хүнд гологдохгүй насан туршдаа хүндлүүлэн ханилна гэдэг ухаант гэргий байсныг л илэрхийлж байгаагийн тэмдэг гэж гэргийг нь хүндэлж явдагаа илэрхийлье. Бүх ээж түүн шиг ухаантай байгаасай!
................................................
Дээхнэ үед Улаанбаатарт хүнийг Та, чи гэхийн оронд Танай хүн гэдэг үг их дэлгэрчээ. Нэг удаа Ринчэн гуай харилцуураа автал утастсан хүн, -За Танай хүнтэй ярья гэж. Ринчэн гуай хөгшнөө дуудаад Раднаа чамтай ярих гэж байна гэсэн аж. Үнэхээр Танай хүн гэвэл Та гэсэн үг биш, таны хэн нэгтэй ярья гэсэн санааг илэрхийлдэг ажээ.
...........................................
Нэг хүн Ринчэн гуайгаас, -Урьдын цагт Төвдийн цаст орон орж, олон жил ном үзсээр, ном хаялцсаны эцэст манайхан аграмба, маарамба, лхарамба, дооромбо гээд сайхан цолтой ирдэг байсан. Одоо тэгвэл Москва, Ленинградад очоод нэхий дээл, савхин цамцаар дэд эрдэмтэн, доктор болж байгааг юу гэж нэрлэх вэ гэжээ. Ринчэн гуай ер түгдэрсэн янзгүй, -Тэднийг Хуурамба гэвэл таарна даа гэж хариулжээ.
................................
Нэг таньдаг халимаг залуу нь Ботго нэртэй байж. Цагаан сараар түүнд илгээсэн ил захидалдаа Ринчэн гуай -Энэ жилийн цагаан сар гарч байна. Ботгоо чамайгаа тод үсгээ сайн сурч Буур болохыг ерөөе гэжээ.
.....................................
Ринчэн гуай хөгшин залуу хэнийг боловч “Багшаа” гэж хэлдэг зантай байв. Багш гэж хэлдэгийн учир гэвээс би хэдийгээр эрдэмтэн боловч бүх хүн миний багш, би тэднээс юм сурч мэдэх ёстой, би олноос илүү мэддэг амьтан биш гэсэн санаагаа илэрхийлдэг байж. Тийм ч учраас өвгөн “Муу ину бас миний багш, сайн ину бас миний багш” хэмээсэн эртний сургаалийг давтан хэлэх дуртай байжээ.
............................................
Манайд уйгаржин монгол үсгээ орхиод кирил үсэг хэрэглэхэд ихэд дургүйцэж байсан Ринчэн гуай, -Орос бичиг ер нь муу ёрын бичиг юмаа. Уншихад “ойлгогдохгүй ойлгогдохгүй” гэж толгой сэгсрүүлээд байх юм. Гэтэл монгол бичиг бол бэлгэ дэмбэрэлтэй “ойлгогдоно, ойлгогдоно” гээд л толгой дохиулаад байдаг гэжээ.
...................................................
Ринчэн гуай Хятадад айлчлахад Хятадын их цагаан хэрмийг үзүүлжээ. Тэгэхэд цагаан хэрэмний наад талд гараад -Ёо, ёо, нутагтаа ирж нэг санаа амарлаа, яасан сайхан юм бэ гээд ногоон дээр хэвтээд өгчээ.
..................................................
Хятадын түмэн газрын их цагаан хэрмийг очиж үзэхдээ Ринчэн гуай -Хятадууд их ухаантай улс аа, яагаад ч гэрийнхээ буурин дундуур ханаа шийрлэхгүй гэжээ.
...................................................
Жин хэмжүүрийн газар, ус цаг уурын удирдах газар нэг байшинд түр байрлажээ. Тэгэхэд Ринчэн гуай “хулгайч, худалч хоёр нэг дор орчихож” гэж ёжилжээ.
.....................................................
Ринчэн гуайтай эсперанточ шавь Догсүрэн нь очиж уулзжээ. Тэгээд -Багш аа, эсперанто хэлэн дээр нэг ном гарчээ гэж хэлбэл -Би олон жил хэл үзэж байна. Хэлэн дээр яр гарахыг мэдэхээс биш, ном гарахыг мэдэхгүй юм байна гэжээ. -Одоо манай ном хэвлэлд үргэлж ингэж бичих боллоо шүү дээ -Та хэл үзэж байгаа хүн, бурууг нь дууриагаад яах вэ, хэлээр гэж хэлэх хэрэгтэй гэжээ.
.....................................................
Нэг удаа Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хурал болж дарга нь Ж.Сэрээтэр гэдэг хүн илтгэл тавьж, “манай сэхээтнүүд малаас гадна элдэв олон төрлийн амьтан дээр тун сайн ажиллаж байна. Жишээ нь дэд эрдэмтэн Даваацэрэн шувуу фабрикийн тахиан дээр, Дашдорж заводын гахайн дээр үр дүнтэй ажиллаж байна” гэж айлтгажээ. Ринчэн гуай сонсож байснаа, -За яахав Дашдоржийг гахайн дээр яасхийгээд гайхагдахаар “ажиллуулж” болдог юмаа гэхэд Даваацэрэн очиж очиж тахиан дээр “ажиллана” гэдэг гайхмаар байна даа та минь гэжээ.
........................................................
Ринчэн гуай нэг орос хүнтэй монгол, орос хэлний аль нь баян болох талаар их маргаж гэнэ. Тэгээр Ринчэн гуай нөгөө орос эрдэмтнээсээ “гавлын ясан доторх юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж асуужээ. Цаадах нь “головной мозг” гэдэг гэж. “Нурууны ясан дотор байдаг юмыг оросоор юу гэдэг вэ?” гэж бас асууж. “Спинной мозг” гэж хариулж. “Чөмөгний ясан доторх юмыг юу гэх вэ?” гэж мөн лавлаж. “Костный мозг” гэдэг гэж. Тэгэхэд Ринчэн гуай монголоор “гавлын ясан доторхийг тархи, нурууны ясан доторхийг нугас, чөмөгний ясан доторхийг чөмөг” гэдэг юм даа. Нэртэй нь таануус “хамар дотор байдгийгаа “носовой мозг” гэхгүй дээ гэсэн гэдэг.
.........................................................
Дөчөөд оны эхээр “Үнэн” сониныг орос хэлээр гаргахад орос хэл гаргууд мэдэх хүн хайгаад олдохгүйд Ринчэн гуайг арга буюу шоронгоос суллаж, мэдлэгийг нь ашиглахаар шийджээ. Тэгээд Чойбалсан түүнийг дуудаж уулзаад учрыг тайлбарлаж хэлжээ. Тэгэхэд Ринчэн гуай, -За даа, би ч Дотоод яамныхаа хар гэрт их идээшжээ. Ажилдаа тэндээсээ явзнаж байх уу даа, маршал аа гэжээ.
.......................................................
Ринчэн гуай “Үнэн” сонинд орчуулагч байхдаа “Үнэн” сонинд гарсан өгүүллийн нэг өгүүлбэр алдаатай байсныг орос руу алдаатай чигээр нь орчуулжээ. Үүнийг нь Ю.Цэдэнбал үзээд, снины хариуцлагатан нарыг дуудаж загнаад, Ринчэн гуайн орчуулсныг сонсоод “Тэр Ринчэнг дууд” гэжээ. Ринчэнг орж очиход Цэдэнбал орос сонинд алдаатай юм гаргалааа, чиний нөгөө орос хэл мэддэг чинь аль вэ!” гэж их тавлангуй загнасанд Ринчэн нөгөө алдаатай монгол сонинг өврөөсөө гаргаж ширээн дээр тавиад, “Я не могу сделать из монгольского гавна русское золото” \Би монгол баасыг орос алт болгож чадахгүй юм аа\ гэж хэлчихээд гараад явчихжээ.
...............................................
Үгийн боловсрол, хэл найруулгыг гойд эрхэмлэдэг Ринчэн гуай илүү дутуу сул үгийг тэвчиж чаддаггүй ажээ. Зохиолч Даржаа Ринчэнтэй нэг дор сонинд ажиллаж байхдаа түүнээс их юм сурснаа хуучилсан нь: Нэг өдөр Даржаа Ринчэн гуайн дэргэд очсон чинь Өвгөн -Даржаа багшийн бөөсийг түүж байна гээд бичсэн юмы нь эрээн цоохор болгочихсон байна гэнэ. Даржаа залуу байсан тул бичсэн юмыг минь дэндүү эвдэж байна гэж уур нь хүрчээ. Тэгээд өнөө зассан зүйлээ Даржаад өгөөд, -Даржаа багшаа! Харж байгаа биз! “Таван өнгийн солонго татаад” гэдгийн чинь “таван өнгө” нь илүү үг. Солонго татаад гэвэл болох нь тэр. Та бас “машинаар яваад ирлээ” гэсэн байх юм. Явалгүй яаж ирэхэв дээ. Машинаар ирлээ гэвэл болох нь тэр. Тэгээд бас “Сайн малчин Тогтох малаа бүрэн хээлтүүлэв” гэжээ. Тэгвэл энэ малчныг чинь шүүхэд өгөх болно биз дээ, малаа хээлтүүлсэн юм бол... Зүй нь “Сайн малчин Тогтох малаа бүрэн хээл авахуулав” гэх байж. Ингэхлээр Даржаа гуай их ичиж, хоёр гараа өргөн бууж өгөөд өнөө уурлаж байсныг минь мэдсэн бол яанаа гэж шанааны нь хөлс гарч байсан аж.

Posted by ganga

2012/01/13

Б.Ринчений яруу найруулгын талаар ном гарлаа

эх сурвалж : http://www.dayarmongol.com/ 2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 16:53 Монгол хэлний яруу тансаг найруулгын уламжлал мартагдаж тасрахад холгүй болсон гэж хэлж болох энэ үед "Монгол хэлний яруу найруулга. 1-р боть. Б.Ринчен (тэргүүн дэвтэр)" ном хэвлэгдэн гарлаа. Тус номд уламжлалт найруулах эрдмийг ерөнхий байдлаар онолчлон зааварлахаас зайлсхийж, бичгийн их утгач Ринчений зохиол туурвилын жишээн дээр, үг хэллэгийг нь нэгбүрчлэн түүвэрлэн оруулж, дүгнэлт зөвлөгөө өгөх хэлбэрээр бичсэн нь зохиолч, сэтгүүлч төдийгүй нийт олны хэлний боловсролд тустай ном болжээ. Тэргүүн дэвтэр нь, Ринчен утгачийн хоршмол үгийн санг бүхэлд нь хамарсан бөгөөд дараах Дэд дэвтэр нь түүний яруу хэллэгүүдийн түүвэр, тайлбар, дүгнэлт зөвлөгөөнөөс бүрдэх юм.
Тус номыг Интерном дэлгүүрт худалдаж байна. Үнэ 10 000 ₮. М. Саруул-Эрдэнэ

2011/12/09

Б.Ринчен : Нууцыг задруулсан захиа

эх сурвалж: Бийр бэх http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=1053

Өгүүллэг: Б.Ринчен : Нууцыг задруулсан захиа Б.Ринчен      Оруулсан admin on 2008-01-12 15:35:00 (6233 уншсан)
Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагт захидалд гагцхүү тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш академч Владимарцов хэлдэг байлаа.
Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол, нутгийн аялгуу тэмдэглэж, эртний бичиг үсэгтэй хөшөө чулуу сураглаж, өртөө уургын улаагаар явж байхдаа, Цорос овогтой, авдраараа дүүрэн хуучин тод монгол ном судартай халтар өвгөнийд өнжин хонон саатаж, бичиг судры нь шохоорхон үзэхдээ /захих үг элчийн аманд бий/ гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссоноо гуч шахам жил цээжиндээ хадгалж яваад, одоо үс буурал зохиолч болсон хойно эвлүүлэн бичиж, үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө.
Арван долдугаар зууны үеийн манай ард түмний түүх, эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн, судлан гүйцээгээгүйн учир /балар үе/ гэдэг тэр эрин цагийн гунигт домгийн тоймы нь найруулан өгүүлбээс ийн буюу:

Баруун монголын Галдан Бошготын цэрэг, Манж Энх амгалан хааны цэрэгт Туулын зуун модны газар ихэд дарагдаад, зүүн гар хэмээх монголын хүчин мохож Орхон голын үерт авахуулан сарниж дутаасан Цорос омгийн Гөлөгдэй баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн, говьд манжийн цэрэгт гүйцэгдэж, дийлсэн цэргийн хурц сүрт автагдан, арга буюу дагасан билээ.
Дайнд дарагдсан цэргийн Туулын зуун модны тэнд олсон шарх гүйцээж эдгээгүй, сэтгэлд түмэн гашуудал зангирсан нь алдраагүй, манж ханы цэрэгт өнгөндөө дагавч, өшөө хорсол хөдий цээжээр дүүрэн байжээ.
Гөлөгдэй баатрын өргөөнөөс өртөө хиртэй газар, манж цэрэг хуарагнаж сүрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжаны луут туг жанжны өргөөний өмнө хээрийн салхинаа намиран, манж цэргийн эргүүл харуул хамаагүй хүнийг хуарандаа ойртуулдаггүй байлаа.
Сүрийг бадруулагч жанжин фү гэдэг, бие өндөр туранхай чийрэг өвгөн өглөө бүр цэргээ сургууль хийлгэж, хахир дуут цэргийн бүрээ илээж, манж цэрэг саран бай харвах, морин сургууль хийхийг хоньчин хүүхэд холоос сонирхон хардаг байлаа.
Гөлөгдэй баатар, фү жанжиныд хааяа ирдэг болж, манж цэргийн ноён, өвгөн баатрыг ирэх бүр өргөөнөөсөө гарч угтан улам дотно байдалтай болсон мэт, саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин бие биедээ ижилсэн дасаж манж ноён, монгол шатар сураад, Гөлөгдэй заримдаа өнжин шатар нүүдэг боллоо.
Отог цэргээ удирдсан өвгөн Гөлөгдэй баатар, манжийн сүрийг бадруулагч
фү жанжинтай гэнэт дотно найртай болж байн байн манж жанжны өргөөнд айлчлан очдог болсонд, хөгжин залуугүй гайхавч, өвгөн баатар маань арай ч дайсанд зусардамгүй шударга журамт хүн, лав нэг учир бий гэж шаг шуг хэлцдэг болжээ.
Тэгтэл өвгөн баатар, сүр бадруулагч фү жанжинг төрсөн өдрийнхөө найрт урин хуримлах чимээ гарч, зуутны тушаалаар аравны дарга нар, найрын хэрэгсэл, айраг цэгээ, цагаан идээ сархад бэлдүүлжээ.
Ийм цагт найр цэнгэл хийх гэдэг юу билээ гэж өвгөд эмгэд идэр цэргийн эрс бие биеэс асуун, арван зуун цэргийн даргаас лавлацгаавал /Өвгөн баатрын захиа элчийн үг/ гэж зууны дарга битүүлэг инэмсэглэн илүү дутуу үг хэлэхгүй ажээ.
Болзсон өдөр тэнгэр цэлмэг, маш сайхан байжээ.
Манж цэрэг туг далбаа барьцгаан, өвч зэвсэглэж, сүрийг бадруулагч фү жанжин хуарандаа буу талбин, торгон цэргээрээ хүрээлүүлж, Гөлөгдэй баатрын хүрээнд хүрэлцэн ирээд, өвгөн баатар, идэр залуугийн жавхлан бүрдсэн ганц хүүгээ дагуулан, хатантайгаа гарч, хүндэт зочинг холоос угтав.
Манж жанжин мориноос бууж, найрсаг байдлаар өвгөн баатрыг ёслон, арван ханатай улаан халзан хөлтрөгтэй өргөөнд нь оржээ. Жанжины цэрэг, баг багаараа жагсан, цэргийн дохионы бүрээ хангинаж, дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн баатрын хүрээнд дуурсаж, манж жанжны торгон цэрэг, өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов.
Гөлөгдэй баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож, өвч хуягт, цэрэг, туг тойрон жагсав. Фү жанжны шадар бие хамгаалагч өндөр чийрэг хэдэн солоон цэрэг, жанжнаа дагаж өвгөн баатрын өргөөнд бэлгийн зүйлс барин орцгоож, удалгүй гаднаас сонсвол, сархад барин хөгжим өргөх чимээ сонсогдлоо.
Гөлөгдэй баатрын өргөөнөс зайдуухан, саахалт хирийн газар нийтийн найр зарласан газар, найр хуримын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан, өргөн талын тэр хэсэгт нь эмээл хазаартай хэдэн мянган морь хад мэт хантайраас тай, хайцаг мэт тушаатай, хоймор талын асраар өвгөн баатар манж ноёдын суудал засаатай баруун талд отгийн өвгөд хөгшид, эхнэр, охид талын цэцэг мэт эрээн мяраан, цөм Гөлөгдэй баатрыг фү жанжны хамт ирэхийг хүлээжээ.
Тэр завсар өвгөн баатрын өргөө гэрт эгшигт сайхан хоолойт эмэгтэйчүүд хундага барихад өргөх хуримын ая гүйцээгээд, зочныг хүндэтгэн сархад сөгнөж байсан, өвгөн баатрыг ганц хүү, нүдэндээ галтай нүүртээ цогтой Шуну, хаш хундаганд дахин архи дүүргэж, өвгөн баатар хундага тосон, жанжинд өргөх гэтэл, фү жанжин нүд ирмэсхийв. Тэр дохиогоор хацавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан солоон баатарууд гэнэт ухасхийж Шуну Гөлөгдэй хоёрыг даран унаж, хаш хундага няц гишгэн, хурамхан зуур хүлж орхив.
-Көк тэнгэр, гэж цочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг эгшин зуур аманд нь таглаа хийж гары нь хүлээд, том гэрт чив чимээгүй болж, гагцхүү ноцолдож амьсгал давхацсан хүний уухилах нь сонсдох ажээ.
фү жанжны толгой дохимогц нэг баатар нь гадагш гарч, цэрэгтээ ямархан нэгэн тушаал өгөөд, эргэж өргөөнөө оров. фү жанжин инээмсэглэн, хүлээстэй, амандаа таглаа шаалттай Гөлөгдэй, шуну, өвгөн баатрын хатан охидын зүг хандаж
-Эрхэм гэрийн эзэн уучлах ажаамуу. Таны нууц аргад үл автагдахын учир жанжин миний бие урьдчилсан сэргийлэх арга хэрэглэсэн билээ. Эс чингэбэл, миний цэрэг даруй толгойгүй чөтгөр болох юмсанж. Би ч таны далд хорт арганд орж болзошгүй байлаа. Гагцхүү Энх амгалан хааны догшин сахиус Гэсэр Гуаньлооеэ ивээж таны явуулсан захиа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж, би хариу арга хэрэглэлээ.
хараат тугаа сачану би
хар бухын арьсаар бүрсэн
Бүрхсэн бүхүй дуут хэнгэргээ
Бүгдийн дунд дэлдүүлнэ би
харь манж цэргийг тэр дохиогоор
хавчин хядаж хуримлана бид
урт хараат тугаа сачуна би
Їхрийн хараат тугаа сачуна би
үй олны дунд дэлдүүлнэ би
Өстэй манж цэргийн тэр дохиогоор
Өрлөн хядаж хуримлая бид
гэж нууц захиа явуулсаныг манай цэрэг элчийг барьж жанжны хамт над хүргэж билээ.
төрсөн өдрийн найр хэмээн, манай манж цэргийн жанжин дарга нарыг урин ирүүлж, сархадаар согтоон хүйс тэмтрэх хэмээн сэм хуйвалдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад, хүйтнээр инээмсэглэн цагаас өмнө сэжиг үл авахуулахын учир энэ бичгииг үлдээн, үсэг дуурайн хуулсан бичгииг шаламгайлан элчид өгч явуулсан билээ гэхэд Гөлөгдэй баатрын хүрэн царай барайж, Шунын зүг харав. Шуну түмэн буруутайн шинж илэрч, толгой даран гагцхүү шүүрс алдав.
Манж жанжныг дохимогц, баатар нь Гөлөгдэй Шуну хоёрын амнаас таглаагий нь сугалаад.
-Та нар хашгираад дэмий, манай цэрэг байлдахад бэлэн, та нарын хашгирвал тэр чимээгээр танай энд цугласан бүгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн түрүүнд гэр хотлоороо алуулна гээд, Гөлөгдэй баатрын хатан, охид хүүхдийн амны таглааг суга татаад, хатны хүлээстэй гар чинэрснийг ажиглан хүлээсий нь тайлжээ.
Өвгөн баатар, хүүгийн өөдөөс хараад гунихарсан сул дуугаар:
-хүү минь, яав даа чи, Дайн хөл ихтийн цаг, элчдээ итгэхгүй бичиг захидалд юунд итгэв дээ чи.
Шуну эцгийн өөдөөс харж чадалгүй толгойгоо дотогш даран:
-Миний түмэн буруу. Очиж очиж, тэр захидал буруу гарт орно гэж мэдсэнгүй гэж шивнэн хэллээ.
Гөлөгдэй баатрын өргөөнд ийм явдал гарч байх завсар, гадна байсан манж цэрэг өвгөн баатрын ойр шадар хүний гэрт орж, нумны хөвч, сэлэм хураан авч, дуу тавьсан хүнийг ална. Гэрээс гарсан хүн ам алдана гэж чангалан тушаагаад, зэвсгийн сан, найрлах асрыг морьтон цэрэг бүслэн тэнд байсан хүнийг сууцгаа босвол харвана гэж, хотон дахь хонь шиг хашин хүрээлжээ.
Yл мэдэх манж түшмэлийн үг, чимээгүй хэлмэгдсэн олны чихэнд харилхаг сонсдож, нэгэн хэсэг манж цэрэг, мориноос буугаад, монгол аравтын зуутны сэлэм хурааж авахад өндөр биетэй, өргөн цээжтэй, урт соёо сахалт нэг өвгөн мянгатан.
-Гэнэн залуу Шунын захианаас боллоо, гэж гашуудан хэлээд есөн үеийн мисир болд юлдийг ингэж хураалгахыг үзлээ гээд жийжүү мөнгөн хуйд нь нал эрдэнэ шигтгэсэн юлдээсээ адис авч, манж цэргийн аравны даргад өглөө.
-Закаанд илүү үг үгүй гэж бодоод, манж цэрэгт зам зуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гээд нэг залуу чийрэг цэрэг эр, хутгаа сага татан, өвгөн Эргилийн юлдийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариулд нь тултал шаагаад, мисир болд юлдийг шүүрэн авч хуйнаас суга татан, зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зуур хэдэн хүнийг цавчин унагав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран эрээн нумаа шүүрч сумаа булцуунд нь хүртэл татаад харвамагц, хар хийж, хавирга яс нэвт цохих чимээ сонсдон араас нь туссан сумын зэв залуу эрийн цээжнээс гялсхийн гарч, хөөрхий залуу, юлдээ атган далайсаар ойчлоо.
Цочсон олон, уулга алдаж, манж цэрэг нум сумаа харвахад бэлдэн манж цэргийн дарга
-Гар хөдөлбөл цөмийг харван ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гөлөгдэй баатрын өргөөний зүг нэг цэрэг давхиулж, найрын талбайгаас үхэгсдийг зайлуулах тушаал өгчээ.
Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд, өндөр дуугуур
-Чонос Гөлөгдэй баатар, сүр бадруулагч жанжин фү, тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өвөрлөн, сэм хуйвалджээ. Эзний сүлд харж, буруу санаат муу хулгай Гөлөгдэй жанжны гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхой мэт амь хэрхэн болохыг аюун эмээн хүлээ, хөдөлбөл харвана гээд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч, даруй өргөөний зүг довтлон одов.
-Көк тэнгэр тэнэг муу эм би, баатар ноёноон дайсантай элкэ нэгдлээ гэж килэнц хурааж явлаа.
Көөркий баатар ноён минь, көөркий баатар ноён минь. гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан, олон хүний гашуудах чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шуугиан мэт, зарим хүн цг цг гэж гашуудан шагширч, зарим хүн гашуунаа шүүрс алдав.
Гөлөгдэй баатрын гэрт, хойморт нь эрхэмсэг сүр үзүүлэн лаглайж суусан манж жанжин, найрын талбайд будлиан гарсныг сонсож дотор эмээсэн боловч, цэргийн дарга хүрч ирэн, сэтгэл тайтгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвитой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахал дорхи уруулын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын завжинд бахархах мишээл нуугдан, Гөлөгдэй баатрын зүг ширтэс хийж,
-Таны хар санаа өвөрлөснөөс болж, миний хэдэн цэрэг, эвтэй сайханаар найрсан найрамдах гэж ирээд, одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял. Хэлтрүүлж үл болно. Самуун чагийн чэргийн чаажаар гүйцэтгэвээс, таны харъяат олны арван хүн дутмаас нэгийг чаажаар аваачин сүрдүүлж, хойчийн чээрлэл болговоос зохих билээ. Эх булингар ахул адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж есөн үе хүртэл албанаа зүтгэх хэрэг. Энэрэлт богд эжэн Энх амгалан хуандий хааны өршөөлт жарлигт, тэрслүүг цээрлүүлэн, номхон иргэнийг илбин тахинуул хэмээсэн учир, таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцхүү таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж ялсан баатартай түмэн үед зүрхэлж тэмцэлдэх санаа сэдэхгүй болгохын тулд эхнэр хүүхдий нь нүдний өмнө хорон санаат хэргийн гол эжэн эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэн чаажлаад дараа нь хайртынхаа жовохыг үзэж сэтгэлээр тарчилсаны нь бодож үлдсэн хүмүүсийн нь жүгээр сэлэмдэн чаажилна гэхэд Гөлөгдэй Шуну, сэтгэл түмэн түгшүүртэй боловч, харь хүнд муугаа үзүүлэхгүй гэж, хоёр бага хүүхдээ тэврэн, хатуужиж суусан хатны царайг ажин суув.
Уг хэргийг үүсгэн сэдэвчилсэн эзэн би билээ.
Зүүн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн эр би яахан боол мэт дагаж, зарц мэт сөгдөх билээ. Эр хүн гэрт төрөөд эрэлхэг баатраар дайсантай тулалдаж хээр үхэхэд гомдолгүй хэрэг. Харийн халдан түрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалдахаас үл эмээх миний бие таны гарт ороод толгой авахуулахаас өчүүхэн ч үл зовно. Гуйх үг амнаас гарах нь түмэн бэрх боловч үхлийн өмнө үг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хүү Шуну баатрын амь хэлтрүүлмуу гээд өвгөн Гөлөгдэй баатар Фү жанжны өөдөөс хариу юу хэлэхийг ширтэн хүлээв.
-Аав, яаж болох вэ? Эртний мэргэн ёс алдаж, элчдээ итгэлгүй эрээн захидалд итгэж, нууцаа задруулснаараа хамаг ялыг би ганцаар эдлэх ёстой. Эцэг, эх гэгч биеий нь төрүүлэхээс биш санаагий нь төрүүлэх ёсгүй. Зоосны нүхээр сүвлэж хэрчин тамлах битгий хэл, хүний ухаан хүрч тамлах битгий хэл, хүний ухаан хүрч бодож сэдэж олж чадах ахул тэрнээс илүү ялаар ганцхан намайг л цаазалж эцэг, эх дүү нарын амийг хэлтрүүл гэж Шуну, манж жанжны зүг мэхийн хэлэв.
-Төрсөн ганц хүүгийнхээ мууг үзсэнээс түрүүлж би үхье, үр хүүхдийнхээ мууг бүү үзье. Эх хүн гэж байхгүй бол энэ ертөнцөд хүү хаанаас төрөх вэ. Гэнэн болгоомгүй өсгөсөн нь эх миний л мянган буруу. Yр хүүхдийн минь оронд зоосны нүхээр намайг л сүвэлж цаазал, үр хүүхдий минь өршөө. хөөрхий тэр минь алтан нарны гэрлийг ханатлаа үзэж амжаагүй яваа юм шүү гэж Гөлөгдэй хатан уярангүй дуугаар хэлэв.
-Манж жанжин тав ханасан байдалтай гэдийн сууж, баригдан олзлогдсон тэдний сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэнм хэсэг дуу чимээгүй байснаа,
-Эр хүн нэгэн сэтгэл, нэгэн амтай байвал зохино. улс төрийн хүнд ял хэлтрүүлж үл болно. Гагцхүү Гөлөгдэй баатрын өвгөд дээдсийн тахилга тасарч, гал голомт балрахын гашууныг бодон, нэгэн болзол тавьж, гуйн хүссэн ёсоор Шунын амийг хэлтрүүлье. Шуну, чи эцэг эх, дүү нарын толгойг өөрийн гараар авбал тэнгэрийн хишиг хүртэж эцэг хүү хоёрыг зоосны нүхээр сүвлэх ялыг өөрчлөхөөр барахгүй чамайг амьд үлдээж, Чонос Гөлөгдэйн гал голомт залгамжлуулъя. Миний санал нэгэнт тогтов. Yүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар авахуулах, Шуныг амьд үлдээхийг та нар зөвлөн тогт гээд, цаазаар аваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд шадар баатрын нэг нь гадагш гарч, төдхөн манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав.
-Хэрэг нэгэнт ийм болсноос хойш, хүү минь зориг хатуужин , бидний толгой ав. Эр хүний жолоо урт. Чи амьд явбал, нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гөлөгдэй баатар Шуну хүүдээ энхрийлэн зоригжуулж хэлэв.
Би та нарын түрүүнд толгойгоо авахуулъя гэж Шуну намхан дуугаар хэллээ.
-Тугалган жад мэт битгий зориг шантар, Yхлээс залсан хүн, энэ ертөнцөд байдаггүй. Чамайг амьд явбал, нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг дага. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх хагарам тамлуулахыг үзсэнээс хүүгийнхээ гарт үхье гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамлуулах эсэхийг үрийн минь зориг л мэдэх нь байна. Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биед гар л хүрэхийг цэрэг олны өмнө амладаа. Биднийг цаазаар аваачин, Шуныг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц, Шуну, эцэг эхийн өмнө сөгдөн мөргөж,
-Эртний бичгийн ёс алдсанаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтаныхаа өөдөөс юлд яаж далайх вэ? Яалаа ч сэтгэл төвдөхгүй нь гэж Шуну хэлэхэд,
-Yрийн сэтгэлээр төрүүлж өсгөсний минь ачийг санаж мэдэж яваа бол үхэхийнхээ өмнө эцэг эхийнхээ захисан сургаалыг дагах нь ёстой дээд элбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зориг хатамжил. Энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахадсаар үхнэ гэж эх нь хэлэв.
Аав ээжийн алтан сургаалыг өгүүлшгүй бэрх ч гэсэн чин их хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яая гэх вэ дагая даа гэж зүрх алдан байж хэлээд манж жанжны зүг эргэж /би бэлэн/ гэж сэтгэл хатуужиж хэлсэнд:
-Ингэвээс та нар харилцан хагацах ёс хийтүгэй.
Цаазын газар хүргэхэд жүй нь та нарын гарыг хүлвээс зохих бүлгээ. Зоригт баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гээд гарахад нь үүдний хацавчийн тэнд хоёр манж баатар, гэрийн гадна харуулын цэрэг үлдэн, сүрийг бадруулагч жанжин фү, найрын талбайд шадар цэргээр хүрээлүүлэн очиж, Гөлөгдэй баатрын асарт цэргийн ноёдын хамт суув.
Найрын газар цугласан олныг манж цэрэг, гоё эрээн асрын өмнө этгээд нум мэт тойруулан суулгаад фү жанжины тушаалаар манж цэргийн ноён, асрын өмнө гарч ирэн, Гөлөгдэй баатрын ял тоочин, тэнгэрийн хишиг хүртээн, хүү Шунын гараар дайчин улсын Богд эзэн хааны дайсан Гөлөгдэйн гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хирдхийн цочиж, сүрт тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод, дахин өндөр дуугаар сонсгон өвгөн баатар Гөлөгдэй, хатны хамтаар гуйж, хүүгийнхаа амь хэлтрүүлэхийг хүсэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүлэ эеэ тогтоож, Шуну хүү, эцэг эх дүү нарын толгойг өөрийн гараар авбал амь хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдэгдсэнд, олон цөм цочин санаа алдав.
-Тэгтэл, өргөөний зүгээс манж цэргээр туулгасан Гөлөгдэй баатар , хатан хоёр бага охины хамт хүрч ирсэн, асрын өмнө манж цэрэг тушааж тэднийг сөгтгөн суулгажээ. Цэргийн бүрээ татаж, нам гүм болсон олон хүний нүд, баярт зориулж барьсан гоё эрээн асрын өмнө сөгдөн дөрвөн хүний зүг ширтэн, манж цэргийн дарга, цаазын сумаар дохио өгмөгц Шуну, эцгийн өмнө сөгдөн мөргөөд, өвдөгнөөс нь мөлхөн адис аваад босож сэлмээ далайн гялсхиймэгц өвгөн Гөлөгдэй баатрын толгой өнхрөн унав. Олон мянган хүний хөндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож, эмэгтэйчүүд ханцуйгаараа нүүрээ халхалцгаав. Шунын өргөн цээжин дотор нь хорслын гал бадарч байгаа боловч, утаагий нь хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ.
Эхийн өмнө сөгдөн, хормойноос нь адис аваад, доголон нулимс хацарт тогтсоны нь хараад, сэтгэл үл түвдэх мэт байдал царайд мэдэгдснийг эх нь үзээд,
-Харьтанд муугаа бүү үзүүл. Хатуужин, түргэл гэж зоригтой дуугарсны нь асрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо.
Жаргал зовлон хамтатгасан буурал Гөлөгдэй баатрынхаа амьгүй биеийг нэг хараад , хатан хүзүү сунган, огцом дуугаар за гэж дуугармагц, сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн ойчоод, чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалдан тогтов.
Шунын дүү, үг дуугүй нарийхан хүүхэд хүзүүгээ сунгаж, хонгор үстэй толгой нь бага дүүгийн хормойн өмнө нүдээ харан ойчиход тав зургаан настай отгон бага охин, эгчийнхээ толгойг нүд цавчилгүй харан, хүзүүгээ сунгаад, хүүхэд хонгор хоолойгоор,
-Ах аа, миний энд хатиг гарсан юм, Хөндвөл их өвддөг. Энүүгээр цавчаарай. Хатиг битгий хөндөөрэй гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж, чимээ аниргүй байгаа олонд тов тод сонсдон, зүрхийг шөвгөөр чичих шиг болов.
Отгон охины толгой ойчмогц, манж цэргийн бүрээ хангинаж Шуныг манж цэрэг дарга дундаа авч, өглөөний мандах улаан нарнаар элэг бүтэн айл байсан бага үдийн нарнаар өнчирсөн гэр өргөөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан захидлын гайгаар Цорос Гөлөгдэй баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хядсан тэр явдлаас хойш өвгөд эмгэд, хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий.
Шуну яасан бэ гэвэл, тэр шөнөдөө хэдэн цэргийн хамт оргон босож, манж цэргийн ганц нэгээр бүлгээр явахад нь хядан устгаж, сүрийг бадруулагч фү жанжин ч гадагш гарах бүр, хамгаалах баатар цэрэггүй гарахаа байж, Шуныг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан, толгойгий нь хүргэж ирсэн хүнд таван мянган лан шагнана гэж зарлавч, амьсгал тасартлаа өшөө зангирсан Шуныг барьж санаа амарч чадсангүй, өдөр бүрийн цэргийн мэдээнд хэд хэдэн амь хохирсныг хөмсөг зангидан сонсож, "уулын хулгай" хэзээ надаас хариу авах бол? гэж манж нутаг эгэх зөвшөөрлийн бичиг алс бээжингээс хүлээсээр байсан гэж урьдын гунигт домгийн үг сонссоноо энд чадан ядан эвлүүлэн бичлээ.

Б.Ринчен 1905 онд Хиагтын Бул Сарай гэдэг газар төржээ. Уран бүтээлээ 1923 оноос эхлэн Yүрийн туяа гурамсан роман, Заан залуудай балар эртний сэдэвт роман, Гүнж, Бэр цэцэг зэрэг шүлэг өгүүлэгийн ном, Цогт тайж түүхэн сэдэвт кино кохиол бүтээжээ.
1944 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртжээ.

2011/12/05

ОРЧУУЛГА СӨХӨХӨД…

эх сурвалж: Орчуулгын блог http://mongoliantranslation.blogspot.com/2011/11/blog-post_17.html

2011-11-17

Аливаа хэлнээс орчуулга хийнэ гэдэг нүсэр түвэгтэй боловч хүндтэй сайхан ажил юм. Орчуулга хийхэд тухайн хоёр хэлний тогтолцоо юу нь юутайгаа таарах, юу нь юунаасаа зөрөх, тэр бүхний учир шалтгааныг нарийн тунгааж мэдэх явдал нэн чухлаас гадна орчуулагч хүн өөрөө тухайн ард түмний зан заншил, соёл түүхийн талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байвал орчуулах ажил дөхөмтэй, орчуулсан зүйл нь ойлгомжтой болдог байна. Орчуулгад уламжлал их хэрэгтэй гэдэг нь мэдээж. Манай мэтийн эртний соёлтой оронд энэтхэг, хятад, манж, төвд хэлнээс өвгөд дээдсийн маань орчуулан үлдээсэн өдий төдий ном зохиол, түүний орчуулгын арга барил, уран чадвар, монгол хэлнийхээ онцлог байдлыг хадгалах чанар зэрэг нь бидэнд үнэлж баршгүй сургаал болох ёстой билээ. Энэ бүхэн нь манай орчуулгын онолын тулгуур чулуу болох учраас орчуулах эрдмийн уламжлалыг нарийн судалж, ерөнхий хэл шинжлэлийн марксист дүгнэлтэнд тулгуурлан боловсруулах явдал манай нөхцөлд одоо зайлшгүй шаардлагатай болж байна.

Түүхэн уламжлалын зэрэгцээгээр манай орчин үеийн сайн сайн орчуулагч нарын бүтээл хөдөлмөрийг судалж, шинжлэх ухааны үндэстэй нарийн шинжлэл хийх ажил бас чухал байна. Манай орчин үеийн ахмад орчуулагчид, Ж. Цэвээн, Б. Ишдорж, Д. Нацагдорж, Б. Ринчен, Ц. Дамдинсүрэн, Б. Гонгоржав нарын орчуулах уран арга туршлагаас хойч үеийнхний дамжуулж авах зүйл маш их юм. Эдгээр орчуулагчийн зохиол бүтээлээс бид орчуулгын бүтээлч чанар, эх хэлнийхээ онцлог байдал, ёс зүйг орчуулгын нөлөөн дор эвдэхгүйн нэгэн учир, -орчуулж буй зүйлийн утга агуулгын талыг дурайтал буулгаж чаддаг нэгэн увдис, орчуулагч хүний өргөн дэлгэр мэдлэгтэй байх шаардлага зэрэг олон зүйлийг олж мэдэж болно.

Аливаа хэлнээс буюу тодорхой нэгэн хэлнээс орчуулах онолын үндэс, орчуулгын зохиолд хийж болох анализ, синтезийн үндсэн арга барилыг ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэнд тогтоож өгсөн эрдэм шинжилгээний дорвитой бүтээл зайлшгүй хэрэгтэй. Иймээс орчуулах онолоор мэргэжих нь манай одоогийн залуус, хэлний боловсролтой хүмүүсийн хувьд хамгийн ирээдүйтэй мэргэжлийн нэг болж байна. Орчуулгын онол дадлагын талаар эрдэм шинжилгээний ажил хийхийг зорьсон хүний шинжилгээний хэрэглэгдэхүүн нь манай орчуулгын үй олон зохиол байна. Орчуулгын зохиолыг ерөнхий хэл шинжлэлийн үүднээс марксист ёсоор дүгнэн цэгнэхэд аливаа орчуулагчийн өвөрмөц арга барил, эх хэлнээ буулгах уран чадвар, баялаг туршлага зэргийг уншигчийн нүднээ дурайтал гаргах явдал нийт олны хэлний соёлын хэмжээг өндөржүүлэхэд ч чухал үүрэгтэй байна. Орчуулгын онолд орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс хандвал маргаантай зүйл нилээд бий. Энэ талаар Роман Якобсоны дэвшүүлэн тавьсан гурван үндэслэл бий. Гэвч энэ гурван үндэслэл нь ялангуяа төрөл бус хэлний хооронд хийх орчуулгын хувьд авч хэрэглэе гэвэл учир дутагдалтай нь илт юм.

Орчуулагч хүн орчуулж буй зүйлтэй холбогдох хоёр хэлээ адилхан нарийн мэддэг байхаар барахгүй тус хоёр орны ард түмний зан заншил, соёлын уламжлалын талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байвал сайн. Орчуулж буй хэлнийхээ хэлзүйн байгуулалт, хэллэгийн өвөрмөц нарийн онцлог, үгийн шууд ба дам утга, хар яриа, нутгийн аялга зэрэг хэлний бүхий л онцлогийг зэрэгцүүлэн сайн мэдсэний үндсэнд нөгөө хэлнийхээ өвөрмөц байдалд зохицуулан хөрвүүлэх учиртай.

Манай гарамгай орчуулагчдын нэг, академич, доктор, профессор Ринчен гуайн орчуулганд залуу хүмүүс болон туршлага багатай орчуулагч нар тусгал авбаас зохистой олон сайхан онцлог бий. Юуны өмнө орчуулж буй хоёр хэлний мэдлэгийн бүрэн тэгш гарамгай сайн мэддэг чанарыг чухам л эндээс олж үзэж болно.

1. Миний бодлоор Ринчен гуайн орчуулгын өвөрмөц нэг онцлог гэвэл зохиол бүтээлийг орчуулахдаа энэ орчуулгыг хэн унших вэ? гэдгийг цаг ямагт бодож байдаг явдал юм. “Тарас Бульба” гэдэг зохиолд хүү Андрейгаа дайсанд урвалаа гэж эцэг Тарас хатуухан цээрлүүлж буйг Гоголь дүрслээд: “Андрей упал как барашек, почувствавший под сердцем смертельное железо” гэсэн байдгийг “зүрхэндээ үхлийн сум харвуулсан “хурга” шиг хэлгүй, харин “зүрхэндээ үхлийн сум харвуулсан янзага шиг өнхрөн уналаа”. Ингэсэн учир нь: “зүрхэндээ үхлийн сум харвуулсан хурга” гэдэг ойлголт байж боломгүй, тэр тусмаа малчин хүний чихэнд бол бүр чийртэйг орчуулагч жархай ажжээ. “Тарас снял ружье с плеча и застрелил” гэдгийг “Тарас үүрч явсан буугаа авч буудлаа” гэсэн нь (мөрнөөсөө гээгүй нь) морин дээрээ буугаа үүрээд давхихаас биш өрөөсөн мөрөндөө буугаа өлгөчөөд давхидаггүй монгол анчны амьдралд ойртуулж ингэж дээ гэж бодогдлоо.


2. Ринчен гуайн орчуулгын өөр нэг онцлог гэвэл утгын талаар яв цав авцалдсан орос хэлний 3–4–5–6 энгийн өгүүлбэрийг хамтатган, монгол хэлний нөхцөлт үйл, үйлт нэрийн төлөв орж бүтсэн ганц, хоёр урт өгүүлбэр болгон орчуулдаг нь монгол бичгийн хэлний гайхамшигт шинжийг толь мэт тусган үзүүлээд, гадаад хэлний хүрээнд хавчигдах явдлаас зайлсхийж, утгын талыг голлон, аялгуу сайхан монгол хэлнийхээ өвөрмөц байдал, үгсийн дэс дараа, хэллэг, өгүүлбэрийн зохион байгуулалтыг ер хөндөн эвддэггүй сонин талтай байдагт оршино. Жишээ нь Шолоховын “Хүний хувь заяа” гэдэг номын 7-р хуудсанд “Вскоре я увидел, как из-за крайних дворов хутора вышел на дорогу мужчина. Он вел за руку маленького мальчика, судя по росту лет пяти-шести, не больше. Они устало брели по направлению к переправе, но, поравнявшись с машиной, повернули ко мне” гэсэн хэсэг өгүүлбэрийг “…тэгж суутал өнөөх айлын захын хашааны цаанаас нэг хар хүн, тав зургаан настай болов уу гэмээр жаахан хүү хөтлөөд гармын зүг гэлдрэн чиглэж явсаар машинтай зэрэгцтэлээ над руу чиглэв” гэжээ. 11-р хуудсанд “Вскорости женился. Жена воспитывалась в детском доме. Сиротка” гэснийг “Тэгээд эхнэр авч, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжсэн нэгэн өнчин хүүхэнтэй суулаа” гэх мэтчилэн орчуулсан байдааг. “Детский дом” гэж “Детский сад” гэдгээс ялгаатай гэдгийг орчуулагч “өнчин хүүхэнтэй суулаа” гэснээр хамтатган гаргасан нь давхардуулан нуршихаас эвтэйхэн мултарсны бас нэг жишээ юм даа гэж бодогдлоо.

3. Орчуулагчийн бас нэг онцлог гэвэл монгол хүн ойлгоход нилээд түвэгтэй бөгөөд манай эх хэлний зохион байгуулалтаас ялгаатай орос хэлний гишүүн өгүүлбэрийн бүтэц байгууламж, энгийн ба хавсарсан нийлмэл өгүүлбэр, эдгээрийн аль аль нь хутгалдан орж бүтсэн бүхэл бүтэн хэсгийн илтгэн гаргаж буй утгыг нэвтэрхий ойлгож, түүнийгээ эх хэлнээ дурайтал буулгасан байх нь бахтай сайхан санагдана. Жишээ нь мөн номын 18-р хуудсанд “Очнулся, а встать на ноги не могу, голова у меня дергается, всего трясёт, будто в лихорадке, а в глазах темень, в левом плече что-то скрипит и похрустывает, и боль во всем теле такая, как, скажи меня в двое суток подряд били чем попадя. Долго я по земле на животе елозил, но кое-как встал. Однако, опять же ничего не пойму, где я и что со мной стряслось. Память-то мне начисто отшибло. А обратно лечь боюсь. Боюсь, что ляжу и больше не встану, помру. Стою и качаюсь из стороны в сторону, как тополь в бурю?” гэснийг “Ухаан ороод босох гэсэн толгой түрүү бүх бие чичигнэн таталдаад, нүд харанхуйлан зүүн мөр шажигнан хоёр хоног юу дайралдсанаар балбуулсан юм шиг хамаг бие жигтэйхэн болчихжээ. Элгээрээ хэвтэж, босоод яасан ийснээ ч мэдсэнгүй тархи толгой эргээд дахин хэвтэхээс босож чадахгүй үхэх болов уу гэж айдас хүрээд салхинд ганхаж байгаа улиас шиг найган ганхаж байсаар…” гэх мэт оновчтой чөлөөтэй сайхан орчуулсан байх юм. Өөр нэгэн жишээ авъя! Номын 38-р талд “Дальше-то?-нехотя отозвался рассказчик-Дальше получил я от полковника месячный отпуск. Через неделю был уже в Воронеже. Пешком дотопал до места, где когда-то семейно жил. Глубокая Воронка, налитая ржавой водой, кругом бурьян по пояс… Глушь, тишина кладбищенская. Ох, и тяжело же было мне, браток! Постоял поскорбел душаю и опять пошёл на вокзал. И часу оставаться там не мог, в этот же день уехал обратно в дивизию” гэснийг “Тэгээд яахав дээ, хурандаа над нэг сарын чөлөө олгож, нэг долоо хоноход Воронеждоо хүрч явган гэлдэрсээр айл гэр болж байсан газраа хүрч очлоо. Бүсэлхийгээр татсан өндөр шарилж халгай ургасан газар улаан зэв болсон устай нүхний аман дээр хүрч очоод зогсоход үхээрийн газар шиг чих хулга, чимээ анир, хүн амьтангүй дотор тун ч эвгүй байлаа даа, дүү минь. Зогсож зогсож, шаналж шаналж галт тэрэгний буудал руу эргээд л алхлаа даа, нутагтаа нэг ч цаг байх арга алга, тэр өдөртөө л дивиздээ буцлаа” гэжээ.

Монгол хэлний тогтолцоонд хос үг түгээмэл юм. Хос үгийг чадамгай хэрэглэвэл (чих хулга, чимээ анир, хүн амьтан гэх мэт) орчуулгын хэл зөөлөрч, чихнээ аятайхан сонсогддог их сайн талтай байна. Оросоос орчуулсан ном зохиол хэмжээгээрээ жаахан томордог явдал үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой шиг байна. Үүн дээр орчуулгын нуршаа чанар л нэмэгддэггүй байгаасай.

4. Зохиогчийн бодол санааг орчуулагч хүн гүн гүнзгий ойлгодог, нөгөө хэлнээ хөрвүүлэхдээ зохиолын дотор гарч буй баатруудын үг ярианы өвөрмөц талыг нандигнан хадгалахыг хичээдэг талыг мөн Ринчен гуайн орчуулгаас олж үзэж болно. Их зохиолч Шолохов “Хүний хувь заяа” зохиолынхоо гол баатар жирийн орос цэрэг А. Соколовын хэл яриаг маш энгийн үгээр гаргаж дүрсэлсэн нь санамсаргүй хэрэг биш байж таарна.


Соколовын яриаг зохиолч богино богино өгүүлбэрээр гаргаж, зохиолыг уншиж байхад жирийн л нэг орос хүн яриад байгаа юм шиг, хэл ярианы хувьд маш энгийн ойлгомжтой дүрсэлсэн байдгаас гадна зарим газар аргагүйн эрхээр хараал ч тавьж байх шиг, зарим газар орчин үеийн орос хэлний тогтолцоонд хуучран хаягдсан үг хэрэглэж, зарим газар орос ярианы хэлнээ элбэг байдаг нэгэн зүйл өгүүлэхүүнийг нь өгүүлбэрийн эцэст оруулан хэрэглэдэг ёс (26-р хуудас) зэрэг бүхий л онцлогийг орчуулагч эх хэлнээ буулгахдаа бичгийн хэлий нүсэр нүсэр өгүүлбэр болголгүй хөрвүүлсэн онцгой талтай байна. Жишээ нь уг номын 13-р хуудсанд иймэрхүү өгүүлбэр нилээн байсныг хэвээр нь хадгалан орчуулжээ.

5. Орчуулж буй зохиолын сайн муу болоход гадаад хэлний үг, өгүүлбэрийн утгыг илчлэх эх хэлнийхээ үг өгүүлбэрээс хамгийн тохирохыг нь сонгон авч чаддаг байх явдал орчуулагчийн оюун билэг, авьяас чадвар, хэлний мэдлэгээс шууд шалтгаалах бөгөөд орчуулгын чанарт шийдвэрлэх ач холбогдолтой зүйл юм. Нэг үгээр хэлэхэд орчуулж байх үедээ олон олон салбар утга хайж эрж олох, дараа нь тэр олон баялаг салбар утганаасаа (утга илтгэх үгнээсээ буюу хэллэгээсээ) хамгийн тохиромжтойгий нь мэргэнээр олж тавих гэдэг орчуулагчийн чадлыг хэмжих гол дэнс юм.

Ринчен гуай үгийг мэргэн цэцнээр сонгон авч чаддаг орчуулагч юм. Үүнд “Прямо на дороге” гэхийг бид бол: “Яг зам дээр”, “чанх зам дээр” аягүй бол “шулуун зам дээр” ч гэж магадгүй. Ринчен гуай үүнийг “улаан зам дээр” гэжээ. Үнэхээр л энэ хэсэгт “улаан” гэсэн үг “улаан цагааны” утгаар биш “яг” гэсэн санаатай байгаа нь гарцаагүй юм. “Чистое поле” гэхийг “тэгш тал”, “ээрэм тал”, “саруул тал” (арай л “цэвэрхэн тал” гэхгүй байх!) гэж магадгүй боловч орчуулагч “цагаан тал” гээд “Заговорили в полголоса” гэхийг “шивэр авир ярилцах”, “Смерть прошла мимо, только холодком от неё потянуло” гэснийг “Эрлэг энэ удаа ч миний хажуугаар хүйт татуулан өнгөрлөө”, “полупьяный” “ улаан зээрд”, “не моргнет, как змея” “шувуу сорж байгаа могой шиг нүдээ чавчилгүй”, “Юный, еле уловимый запах” гэснийг “Соньхон, үл мэдэг үнэр” гэхчилэн магтаж сайхан оноон тааруулсан жишээ олон олныг дурдаж болох байна.

Гэхдээ энэ мэт ажиглалтыг зөвхөн ганц нэг орчуулсан зохиолд нь биш, орчуулгын ихэнх бүтээлд нь судалж үзвэл манай ахмад орчуулагчдын хэв намба, орчуулгын найруулга, түүний арга барилтай нарийн сайн танилцаж болох бөгөөд цаашдаа сонирхсон хүнд эрдэм шинжилгээний ажлын энэ чиглэлийн эхлэлт болох учиртай юм.

Аливаа юм бичсэн хүн буюу индэр дээр гарсан хүн шүүмжлэл саналаа хэлэх жамтайг бодож би ч гэсэн энд нэг хоёр зүйл өгүүлье. Зохиолын 18-р талд “Кругом снаряды валяются, какие я вез” гэсэн оросын тодотгол гишүүн өгүүлбэрийг “Миний ачсан юм пад пад дэлбэрцгээж” гэсэн нь уг зүйлийн хүчин нэмэгдүүлэх гэсэн юм уу, ямар ч л атугай нэг учиртай биз гэхээс “ачиж явсан сум маань энд тэндгүй хөглөчихсөн байлаа” гээгүйн цаад талыг уншигч, сонирхогч хүн мэдэхгүйд хүрч болох байна. Зохиолын 38-р талд Соколов цэргээс нэг сарын чөлөө авч, хуучин гэр орон байсан газраа очиход тэр нь үндсэн товрог болчихсон байдаг. Тэгэхэд Соколов “постоял, поскорбел душаю” гэж ярьсны нь “зогсож зогсож, шаналж шаналж” гэж хүчин нэмэгдүүлсэн утгаар орчуулсан нь орон цагийн эзлэх хэмжээний хувьд дараах өгүүлбэртэйгээ зохиогүй юм уу? гэж бодогдном. “Он поднял свои белые брови” гэхийг “Тэр цагаан хөмсгөө шуугаад”, “тэр цагаан хөмсгөө сөхөөд” гэх мэт орчуулсан зүйл байна. Энд дурдаж буй ганц нэг зүйл бол сонирхон асууж лавлах төдий зорилготой зүйл учир орчуулгын ерөнхий чанар чансаанд өчүүхэн ч хамаарахгүй юм гэдгийг давтан хэлэх юү билээ. Дүгнэн хэлэхэд манай ахмад орчуулагчдын хийсэн өргөн их бүтээлээс сурах сонирхох зүйл бидэнд маш их байна шүү.
Зөвхөн хувьсгалт уран зохиолыг орчуулсан түүх гэхэд л хагас зуун жилээс үлэмж байна шүү дээ. Ийм болохоор орчуулгын эрдмийн их далайгаас рашаан хүртэх хүн сав саалиа базаагаад, ирээдүйн их бодолтой морилон очвол олз омогтой буцаж ирэх нь лавтай.

С. Галсан
“Орчуулах эрдэм” ном
1976 он