бямбын ринчен

бямбын ринчен

2015/02/10

Т.Галсан: "Домогт Ринчений домог-ууд оршивай" номоос

Хараа засдаг бичиг

“Японы тагнуул”, “хувьсгалын эсэргүүн” хэрэгт хилсдэн шоронд таван жил чулуудагдсан Бямбын Ринчений маргашгүй их эрдэм нь Маршалын засагт хэрэг болсны учир “түр хэрэглэх”-ээр шоронгоос суллажээ.
Шоронгоос суллагдаж, нар сарны бараа хараад төдий л удаагүй байх үед МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 31/27 тоот тогтоол гарч, монгол үсгийг халж, кирилл бичгийг төрийн бичиг болгожээ.
Энэ тухай буруу зөвийг хэлэх зориг, зүрхээ зүсүүлсэн, итгэлээ эмтлүүлсэн цөөн сэхээтний хэнд ч байсангүй. Харин ганцхан Ринчен л:
“Энэнийг бичих юм уу
Тэгье тэгье!
Ээ мөн сайхан ном оо?
Уншъя уншъя!
Эрдэм сурахыг уу?
Чадна аа чадна гэх шиг
Эелдгээр тэргүүнээ дохьдог бичгээн
-Үгүй үгүй, ярихгүй....
-Өө, би мэдэхгүй...
-Үхсэн ч сурч чадахгүй... гэх шиг
Үргэлжид толгойгоо сэжиж уншдаг
Өөр үсгээр солих ч гэж дээ гэж үглэн халаглан гасалж байсан гэнэ лээ.

*Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой.Лувсанжав асны надад өгсөн бичмэл шог.

Нялх бичигтэн улс

1956 онд Ренчин гуай цол хамгаалахаар Мажар оронд явжээ. Замдаа Эрхүүд бууж онгоц хүлээх завсраа нэг хамниган залуутай дайралджээ.
Тэр нь Октябрийн хувьсгалын дараа орос үсэг авч, бичгийн соёлтой болсноо бахархаад, Ренчинээс:
-Танай монгол ямар үсэгтэй вэ гэхэд:
-Танайхтай адил болсон гэжээ.
-Хэдийгээс орос үсэг хэрэглэсэн бэ? гэж хамниган асуухад
-Дөчин хоёр оны орчмоос гэж Ренчин гуай үнэнээ хэлбэл тэр хамниган залуу:
-Тэгвэл манай хамниган та нараас илүү бичгийн соёлтой улс юм байна. Та нар манай дүү улс, нялх бичигтэн улс байна гэжээ.
Ренчин гуай тэр залууг сэргэлэн хүү байна гээд хоёулаа инээлдсэн аж.
Дараа нь Ренчин гуай мянга таван зуугаар жилийн бичиг соёлын өвөөн Сталины үед устгуулснаа харамсан бодож, огт бичиг үсэггүй байсан угсаатны дэргэд хүртэл бид нялх бичигтэн болж дээ хөөрхий гэж энэлэн шаналж явсан гэдэг.


Бичгийн их хүн

2015/02/03

Зураач Цоггэрэлийн бүтээл

М.Саруул-Эрдэнэ багшийн ФБ хуудаснаас...